Анх энэ блогийг нээхдээ их удаан бодсон. Анх, анх гэдэг мэдрэмж ер нь юу билээ гээд л...
Анх ярилцлага авах гэж байхдаа их л сандарч өөрийнхөө гадаад төрхөнд бэлдэж, бас асуултаа хүртэл танаж байснаа санаж байна. Анхны ярилцсан хүмүүс маань хоёул олны танил хүмүүс. Сэтгүүлд гарах анхны ярилцлага байсан учир хоёр ярилцлага авах байсан юм. Нэг нь ковер, нөгөө нь чөлөөт ярилцлага.Тэр л өдөр хоёулантай нь ярилцах ёстой байсан юм. Ажлынх нь гадаа ирчихээд л сандраад л гадуур нэг гарж алхаал, дотуур нэг тойрч яваад л их л салгалж байсан даг. Тэгээд л "за одоо л авахгүй бол" гэж зориглож ороод л маш хурдан дуу хураагуур дээрээ хурааж аваад л гараад ирж билээ. Салхинд туугдсан юм шиг л....
Нөгөөх нь олны танил жүжигчин хүн байсан. Кино зураг авалтын газраасаа ирээд удаагүй, найзтайгаа алжаалаа тайлж байхад нь очиж уулзаж байсан юм байна....Хөөх ийм хүн гэж бодоогүй шүү гээд л гарч ирж билээ....
Тектафон дээрээ хураасан өөрийн хоолойгоо сонсоно гэдэг "Яг суга руу гараа хийн гижигдээд байх шиг" мэдрэмж төрөөд, өөрөөсөө ичээд инээд алдаад сонсч чадахгүй байсаар ярилцлагаа өгөх цагийг нь тулгаж яриагаа буулгадаг байсан....Гэхдээ залхуурсандаа биш хол ертөнцийг ойроос мэдрэх нэг тийм хачин, өвөрмөц мэдрэмж юм билээ. Тэр мэдрэмжинд тулгуурлан хэсэг дэрвэн амьдарснаа дахиад л нөгөө мэдрэмжээ эргэн мэдрэхийн тулд тектафоноо асаан сонсдог юм. Ярилцах гэдэг бол урлаг гэдгийг би олон олон дурсамжтай ярилцлагаа хийсний дараа л мэдэрсэн. Авах, өгөх мэдрэмж нь яг л дуу дуулж, бүжиг бүжиглэж буй урлагийн хүн шиг....
Яриагаа өөрийн үгээр, тэр хүний санаа бодлыг мэдрэн буулгана гэдэг дахин тэр хүнтэй шинээр танилцаж буй мэдрэмжийг өгдөг учир би ЯРИЛЦЛАГА хийх дуртай....