Tuesday, December 3, 2013

Анхны ярилцлага

Монголын ирээдүй болсон залуу танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ дугаарын зочноор Ноён IZ нэрээр залуусын дунд танил болсон  Г.Ирээдүй уригдлаа.



Г.Ирээдүй: Монголын түүхэнд нэрээ үлдээсэн ерөнхийлөгч болно

-Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
    Намайг Гантогтохын Ирээдүй гэдэг. Хүмүүс Ноён IZ нэрээр илүү танина байх. Одоо МУИС-ийн эдийн засгийн хоёрдугаар курс, ШУТИС-ийн программ хангамжийн хоёрдугаар курст сурдаг. Ам бүл гэвэл аав, ээж, эмэгтэй дүүгийн хамт амьдардаг. “Ноён IZ компаны ерөнхий захирлаар ажилладаг.

-Бага насны насныхаа талаар ярихгүй юу?
   Их хөдөлгөөнтэй, нийтэч хүүхэд байсан. Ихэвчлэн охидтой нийлнэ ээ.(инээв) Анги хамт олноо төлөөлж аливаа уралдаан тэмцээнд оролцоно. Насаараа ангийн дарга хийсэн гэхгүй юу.(инээв)
-Ноён IZ хуудасны санаа анх хэрхэн төрсөн бэ?
         Санаа биш ажлын төлөвлөгөө байсан гэх үү дээ. Компьютерийн ард сууж байгаад л бодож олсон доо. Таван жилийн өмнө  Монголын анхны 30 мянган гишүүнтэй вебсайтыг нээж байсан гэдгийг залуус маань мэднэ. Энэ туршлага дээрээ үндэслээд уг хуудсыг ажиллуулах болсон.
-IZ яаж яваад “Монголын фэйсбүүкийн холбоо”-ны  тэргүүн болчихов оо?
       Би чинь “Монголын фэйсбүүкийн холбоо” ТББ-ын тэргүүн ш дээ. Залуучууд буруугаар ойлгодог юм шиг байсан. Монгол даяар фэйсбүүк  ашиглаж байгаа залуусыг би тэргүүлнэ гэж юу байхав. Анх энэ холбоог жилийн өмнө үүсгэн байгуулаад одоогийн байдлаар арав гаруй залуус ажиллаж байна.
-Фэйсбүүк бол чөлөөт цагаараа сонирхлын журмаар хийдэг ажил гэсэн. Тэгвэл Ирээдүй яг ямар ажил эрхлэх бодолтой байгаа вэ?
      Ирээдүйд олон сервис компанитай болно гэж боддог. Миний ирээдүйн зорилго бол Монгол улсын ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ үлдээх.

-Ерөнхийлөгч болох мөрөөдлийнхөө талаар бидэнтэй илэн далангүй ярилцаач. Магадгүй ерөнхийлөгч болно гэсэн нь улс эх орондоо үүнийг ингээд өөрчилчих юмсан гэж боддог зүйл их байдагтай холбоотой болов уу?
      Би улсын тэтгэлгээр ШУТИС-ийг төлөөлж нэг жилийн хугацаатай АНУ-ын коллежид суралцсан. Тэр хугацаанд Америкийн нийгмээс  Монголд минь байсан бол гэж бодогдох зүйл маш олон байсан. Жишээлбэл, хот тохижилт, байгаль хамгаалал экологитой холбоотой асуудал байна. Өөрийн ард түмэн, үр хүүхдээ эрх чөлөөтэй энх тунх нийгэмд амьдруулах юмсан гэсэн нэг шалтгаан байна. Харин нөгөө нь түүхэнд дурсагдах хүн байхыг хүсч байна.
-Ауди машины зурган дээр зун чамайг унаад явна гэхээр яагаад ч юм сайхан байна. Чамайг авчихаад хамгийн ард нь өөрийн олсон мөнгөөр өөрөө авав гэж бичүүлнэ гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан. Ирээдүй ер нь ямар ямар ажил хийж хэрхэн мөнгөө хуримтлуулдаг нь уншигчдад  сонин байгаа байх? Фэйсбүүкээр үү...
      Фэйсбүүкийн хуудаснаас бол мөнгө олдоггүй ш дээ. Албан байгууллагуудын зар сурталчилгааг хийж, маркетинг менежментийн чиглэлээр ажилладаг. Залуучууд намайг лайк цуглуулж, их шэйр хийлгэснээрээ мөнгө цуглуулдаг гэж ойлгодог юм шиг байна лээ. Уул нь үгүй ш дээ.(инээв)




-Сэдвээ жаахан өөрчилье. Ирээдүйг анхны хайр нь фэйсбүүктэй холбосон гэж сонссон?
Анхны хайртайгаа дөрвөн жилийн өмнө учирч байсан. Түүнийг Хишигжаргал гэдэг. Одоо Швейцарьт амьдардаг. Түүнийхээ зураг, мэдээллийг үзэх гэж хоёр жилийн өмнө анх Фэйсбүүктэй холбогдож байсан түүхтэй.

-Чинийхээр хайр гэж юу вэ?
Сүртэй хариулт өгмөөргүй байна. Минийхээр хайр бол нөхөрлөл бас итгэл гэж боддог. Хүнтэй нөхөрлөж итгэснээрээ тэр хүнийг хайрладаг байх.

-Амьдрал юун дээр тогтдог гэж боддог вэ? Хайр уу мөнгө үү
Миний бодлоор хамгийн түрүүнд сэтгэл дээр тогтоно гэж хэлнэ. Дараа нь итгэл. Түүний цаана харин эд зүйлс мөнгөн дээр тогтож болно гэж бодож байна.

Фэйсбүүкээр танилцах мессежүүд их ирнэ биз...
(инээв). Өдөрт бол 7-8 ирнэ ээ. Тэгээд завтай бол танилцана завгүй бол үгүй шүү дээ.
 
     -Хонгорзулыг “фэйсбүүк” хуудас гэж төсөөлөн, уншигчдад маань хандан пост   үлдээвэл?
Сайн байцгаана уу? Би Ноён IZ байна. Хонгорзул сэтгүүлийг сонин байхад нь алдартнуудын буланг амтархан уншдаг байсан. Одоо өөрөө ингээд ярилцлага өгч байгаадаа баяртай байна.
Уншигч залуустаа хандан юу хэлэх вэ?
Залуус аа! Зорилготой, мөрөөдөлтэй, хөдөлмөрч байгаарай. Хамгийн гол нь юм хийлгүй хоосон мөрөөдөх биш хөдөлмөрлөөрэй. Манайхаан хичээлээ сайн хийгээрэй.

Баярлалаа, Сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг “Хонгорзул” сэтгүүлийн хамт олноос хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment