Wednesday, December 4, 2013

ОУХМ Ц.Хонгорзул



“Амьдаа” буланд буудлагын спортын хийн гар бууны 10 метрийн төрөлд дэлхийн залуучуудын аварга хэмээх нэр хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирч байсан,  ОУХМ Цагаандалайн Хонгорзулыг урилаа.

Хувьтай хүн хур борооноор гэдэг дээ, тэгэхээр би “хувьтай” Хонгороо
 
    Сайн байна уу? Юуны өмнө манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Анх буудлагын спорттой холбогдсон он жилүүдээс яриагаа эхлэе гэж бодлоо.
    Баярлалаа. Өөрийн “амьдаа” болсон “Хонгорзул” сэтгүүлдээ болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэмээр байна. Багаасаа л аавыгаа дагаж гүйсээр спортод ойр өссөн, бүр спортод хөл тавьсан гэвэл 9 настайдаа юм байна. Тэгээд л спортын сэтгүүлч хүний охин яаж зүгээр байхав, үндэсний сураар харвадаг болоод л. Буудлагын спортоор 2007 оноос эхэлж хичээллэсэн юм байна. ОУХМ Ц.Мөнхзул эгчийг алтан медаль хүртэн, төрийнхөө далбааг тив дэлхийд мандуулах тэр агшинг телевизээр анх хараад л буудлагат “дурлах” болсон доо.

 Тэгвэл өөрөө мандуулж явсан түүхэн мөчийг эргэн дурсъя.
Тэрийг бол тамирчин хүн болгон хэлэх байх. Ялалт байгуулан, эх орондоо “охин нь чадлаа” гээд зогсох тэр гайхамшигт мөчийг үнэхээр үгээр илэрхийлж, үзгээр бичимгүй баярт мөч юм.

Тэр үед түрүүлнэ гэдэгтээ бат итгэлтэй байв уу?
Үүнийг ярихаар хүмүүс итгэдэггүй юм. Үнэндээ би үнэхээр түрүүлчихсэн мэт өөрийгөө төсөөлж медалиа гардаж аваа мөч болоод баяр хүргэж байгаа хүмүүсийг хүртэл нүдэндээ дүрсэлж итгэдэг байсан. Ид шид биеллээ олсон нь гайхалтай. Тийм болохоор сэтгэлдээ сайн сайхан зүйлийг эргэлзэлгүй мөрөөдөхөд хэрэгждгийн жишээ гэж хэлж болно оо.

   Аргагүй л аавын охин гэдгээ харууллаа даа хэмээн хүмүүс шагширч байсан. Таныг спортын сэтгүүлч, СТА Л.Цагаандалай гуайн охин гэдгийг андахгүй мэднэ. Гэр бүлийнхнийхээ болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Доороо нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй айлын том охин. Манай аав спортын сэтгүүлч, тайлбарлагч Л.Цагаандалай гэж хүн бий. Ээж маань доктор хүн байдаг. Өөрийнхөө талаар гэвэл байр сууриа хадгалах өөрийн гэсэн үзэл бодолтой, эрх дураараа, за тэгээд жаахан сахилгагүй талдаа нөхөр дөө. Магадгүй аавыгаа дагаж гүйсээр байгаад их хөдөлгөөнтэй болсон байх. Бусад хүмүүс бол намайг хэрхэн дүгнэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан их эрх талдаа. Аавдаа, найз залуудаа нилээн эрхэлж өгнө өө. 

Буудлагын спортын “цагаан толгойг” заасан багш нь хэн бэ?
Бүр анх энэ спортод хөл тавихад  гавъяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багш маань  өөр дээрээ авсан юм. Энэ хүн л миний гараас хөтлөн, анх буу барихыг зааж сургасан. Ц.Өлзийбаяр багштай амжилтууд маань яалт ч үгүй холбоотой ачтай хүн. Багшаасаа их олон зүйлийг сурч мэдэн олон олон амжилтуудыг гаргаж байлаа. Энэ дашрамд багшдаа маш их хайртайгаа уламжилмаар байна. Харин 2010 оноос бол гавъяат дасгалжуулагч Л.Ундралбат багш дээрээ хичээллэх болсон.

Багш нараасаа зэмлэлийг хүртэнэ биз?
Ц.Өлзийбаяр багш дээр бол хамгийн отгон шавь нь байсан болохоор их эрх. Багш маань барагтай бол зэмлээд байдаггүй байсан. Яагаад ч юм Ц.Өлзийбаяр багш миний өвөө шиг санагддаг байсан. Миний хоёр өвөө хоёулаа өөд болсон болохоор миний өвөөг орлодог мэт санагддагсан. Тэгээд л эрхэлж эрхэлж 2010 оноос Л.Ундралбат багшийнхаа “гар” дээр очсон. Зэмлүүлж гарсан даа, одоо хэр нь зэмлүүлсээр л байгаа. Ундрал багш өөрөө их хатуу багш, сайн ч дасгалжуулагч. Биднээс их зүйлийг шаардаж, их амжилт гаргаасай гэсэндээ л зэмлэдэг байх. Тэр ч утгаараа тэсвэр хатуужлыг сурч авсан. 

Спортоор хичээллээд шантрах үе гарч байсан байх. Өөрийгөө хэрхэн босгож байв?
Өө байлгүй яахав, сэтгэлдээ хүртэл буудаж чадахгүй үе бүртээ шантарна. Ямарваа нэгэн юманд шантрахгүй байна гэж байхгүй, хамгийн гол нь тэр шантралыг хүч болгон ашиглаж даван туулж чадсан хүнд амжилт ирнэ. Юу гэсэн үг вэ гэхээр шантралыг нөгөө тал руу нь харуулж зөвөөр ашиглах хэрэгтэй гэх гэсэн юм л даа. Бэлтгэлээ хийж байх явцдаа хүчтэй өрсөлдөгч болсон Хятад, Солонгосын тамирчныг нүдэндээ төсөөлж, шарандаа хөлс хүчээ дуслуулан хөмхийгөө зуун байж дасгалаа хийдэг байсан. Учир нь тэр хүмүүс ч яг л над шиг шантарч бэлтгэлээ хийж байгаа шүү дээ гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. 

Өрсөлдөгчөө буулган авсан үнэ цэнэтэй ялалтыг  юутай зүйрлэх вэ?
Надад хадгалагддаг бүх л хүч, хөлс, нулимсыг маань барсан тэмцээн бол яахын аргагүй дэлхийн аваргын тэмцээн мөн. Гэрийнхнийгээ санаж, дээр нь их зэмлүүлж, байдаг чадлаа шавхан байж олж авсан энэ ялалт минь надад хамгийн үнэтэй. Тийм болохоор битгий шоолоорой. Би энэ ялалтаа “Чингис хааны дайтай ялалт” гэж хэлмээр байна. Учир нь Чингис хаан  улс орнуудыг нэг нэгээр нь нэгтгэсэн шиг би ч мөн адил тэмцээн, бэрх хүнд даваа бүрийг туулж тэр талбарт тулан очсон.

Ойрын төлөвлөгөө, зорилго мөрөөдлөөс тань хуваалцаж болох уу?
Одоогоор бол олимп дуусчихсан болохоор ихэнх тамирчид амралтын байдалтай байгаа. Тэр хойгуур нь ажлаа хийнгээ амарч байна. 12 сард нэг тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. Амжихгүй бол он гаргаад тууштай бэлтгэлээ хийж эхэлнэ. Тэр үеэр дэлхийн цом болон Азийн аваргууд зохиогдоно байх. Тамирчин хүний оргил болсон мөрөөдөл бол олимпын наадам. Тиймээс “Бразил минийх” гээд бодчихсон явна. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэдгийг дамжуулмаар байна. 

Спорт гэдэг өөрөө тэсвэр хатуужлын “багш” байдаг. Спорт тэр дундаа буудлагын спорт  танд юу сургав?
Би өөрөө их хөдөлгөөнтэй хүн л дээ.(инээв) Тэгээд хөдөлгөөнөө цэгнэж, даруу төлөв, дотроо бодолтой байхад сургасан. Бүр бол хөдөлгөөнийг маань хориогүй ээ. Буудлага өөрөө сэтгэлзүйн спорт л доо. Тиймээс өөрийгөө хянах эрдэмд гаргуун суралцаж, тэсвэр хатуужлыг ч мөн олж авсан. Сэтгэлзүйн тал дээр сайн бэлтгэгдэж яваа гэж боддог шүү.

Спортын хүн бүжгийн шоунд оролцсон тухай барагтай л сонсогддоггүй. “Ододтой бүжиглэе” шоунд оролцох болсон талаараа ярихгүй юу?
     Тэр ч их хөгтэй юм болсон шүү. Анх урилга ирэхэд нь маш их гайхаж, тамирчин хүн тэр тусмаа би яаж бүжиглэж байдаг юм гээд л урилгаас зугатаж ч үзсэн. Гадаадын улс оронд ч гэсэн тамирчин хүн бүжиглэж байсан тохиолдол ховор байдаг. Харин Солонгос улсын тамирчин бүжгийн тэмцээнд орон ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж байсан түүхийг сонсоод өөрийн эрхгүй орохоор шийдсэн дээ. Мөн нэг талаараа тамирчин эмэгтэй хүн гэхээр л бадриун, эв хавгүй, хэвлүүн гэж боддог үзлийг өөрчлөхөөр шийдсэн нь оролцоход нөлөөлсөн. Ер нь тамирчин эмэгтэй хүн дотор талаасаа муухан эр хүнээс хавьгүй илүү сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн байдаг.  Энэ шоуны оролцогчдоос ганцаараа спортынх байсан. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гээд л  их хичээсэн дээ. 

Бүжгийн спортын талаар танд төрсөн сэтгэгдэл ямар байна?
     Бүжгийн спорт гэдэг бол гайхамшигтай. Нэг талаас гоо сайхан, нөгөө талаараа спорт гэсэн ойлголтуудыг нэгтгэж чадсан спорт. Бусад спортын төрлүүд бол зөвхөн спорт гэдэг талаасаа харагддаг бол бүжгийн спорт нь дан ганц спорт биш гоо сайхан талаасаа гоё сайхан харагддаг спорт юм байна гэдгийг мэдэрсэн. Ер нь бүжгийн спорт гэдэг бол нэг тийм гоё, хээнцэр тансаг ертөнц юм гэдгийг ойлгосон. Мөн хөндлөнгөөс харахад бүжгийн спорт нь амархан юм шиг харагддаг ч спорт гэдэг утгаараа хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардсан спорт юм билээ. 

Багадаа үндэсний сураар хичээллэж байсан, буудлагын спортын дэлхийн аварга, дээрээс нь тамирчин хүн хэрхэн бүжиглэдгийг яруу тодоор харуулж чадлаа. Хонгороод дахиад нууц авъяас үлдсэн юм биш биз?
Нугардаг ш дээ.(инээв)

Хөөх?
Худлаа худлаа тоглосон шүү. Өдөржингөө буу бариад зогсдог хүн ямар юмаараа ч нугарах юм билээ. Ер нь бол муугүй дуулчихна аа. Өөр ч тэгээд нууц авъас гээд байх юм юу байхав, аягүй “чалчаа” ш дээ.(инээв)  Аав маань сэтгүүлч болохоор “алтны хажуу дах гууль шарлана” гэгчээр багадаа “Цоглог” студийн дэргэдэх хөтлөгчийн дугуйланд яваад дуучин Р.Номин эгчээс ярилцлага авч байлаа.

Хонгороо ер нь ямар мэргэжилтэй юм бэ?
Уг нь 2011 онд ХААИС-ийн Газар зохион байгуулалтын Инженерийн ангийг төгссөн. Гэхдээ одоо “Air agency” гээд шинэхэн байгуулагдсан компанид ажиллаж байна.

Манай сэтгүүлийн “амьдаа” шүү дээ. Аав ээж тань ямар өдөр мэндэлсэн талаар ярьж байв уу?
Би айлын том охин, ууган хүүхдүүдийг ер нь их азтай гэж боддог шүү. Яагаад гэхээр аав ээжүүд маань хамаг л анхны гэсэн догдлолоор сэтгэл зүрхээ шингээн байж өсгөдөг юм шиг санагддаг. Миний төрсөн өдөр 1990 оны 6 сарын 5-ны өдөр байсан.  Нээх их бороо асгарсан өдөр, үүрийн 5 цагийн алдад төрсөн гэдэг юм шүү. Хувьтай хүн хур борооноор гэдэг дээ, тэгэхээр би “хувьтай” Хонгороо.(инээв)

Хорвоод дуурсагдах алдрыг тань хэрхэн хэн өгсөн бэ?
Намайг төрөхөд миний ээжийн хамгийн сайн найз нь нэг өдөр шахуу төрж таарсан юм билээ. Тэгээд модон тагштай будаан дотор Алтанзул, Хонгорзул гэсэн хоёр нэрнээс шигшээд надад энэ эрхэм нэр маань ирж байсан түүхтэй. Магад тэр үед мэдсэнсэн бол танай сэтгүүлд л ярилцлага өгөх хувьтай хүн юм байна гэж энэ дашрамд олзуурхаад авлаа шүү. За тэгээд нуугаад яах вэ, бага байхдаа нэрнийхээ утга учир болсон цэцгийн нэр гэдгийг мэддэггүй байлаа. Хонгор гэнэ үү гээд л яг эрэгтэй хүүхдийнх шиг санагдаад л. Би өөрөө болохоор Нарангоо, Хулангоо, Мишээл гэсэн танхил нэр хүссэн хүн шүү дээ. Нэг өдөр эгч маань цэцгийн нэр гэдгийг хэлснээр нэрэндээ хайртай болсон. Одоо бол үнэхээр энэ нэр, ээж аав, эх орныхоо нэрийг унагалгүй эрхэмлэх ёстойгоо бат ойлгосон.

Таны бахархал юу вэ?
Аугаа түүхийн манлай болсон эх орноороо би нэгдүгээрт бахархдаг. Дэлхийн дэвжээнд яахын аргагүй хамгийн түрүүнд эх орон минь л бодогддог. Тэр тусмаа тамирчин хүн эх орноороо бахархахгүй байхын аргагүй. Харин хоёр дугаарт аав, ээж минь миний бахархал. Саяхан нэг өөрөөсөө ичих явдал болсон юм. Дөнгөж хоёрдугаар ангийн 7 настай дүү маань аав ээж, хоёр эгчийнхээ нэр ус, хийдэг ажил гэлтгүй “Манай том анай буудлагын спортын хийн гар бууны 10 метрийн төрөлд дэлхийн аварга” болсон гээд л таксины жолоочид гацахгүй ярихад нь үнэхээр бахархсан. Бурхан минь, хэн ч зааж өгөөгүй, бас ийм жаахан хэрнээ гээд л. Мөн дүү шигээ гэр бүлээрээ бахархдаг даа. 

Хүүхэд наснаас тань одоо хэр нь хадгалагдан үлдсэн зан чанар бий юу?
Хүмүүс намайг одоо хэр нь хүүхдээрээ гэдэг ш дээ.(инээв)
 
Хонгороогийн амьдралдаа мөрдлөг болгодог зарчим?
Бүр хэтрүүлэн ингэх ёстой, тэгэх ёстой гээд байдаггүй. Юманд замбараатай дэс дараалалтай байхыг хичээдэг. Мөн цэвэрч байхыг эрмэлздэг. Бохир зүйлсэд дургүй. Ажил амьдралын алин дээр ч аливаа хүн итгэл даахаар, хариуцлагыг ухамсарладаг байх ёстой гэж боддог. 

Чөлөөт цаг гарвал хэрхэн өнгөрөөдөг вэ?
Чөлөөт цаг гарвал гэртээ суух үнэхээрийн дургүй хүн дээ. Гэртээ л байхгүй бол тэгээд л гадуур найз нөхөдтэйгөө кино, хошин шог үзээд үр дүнтэй өнгөрөөх дуртай. Гэхдээ хааяа нэг гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийчихээд “хлорамин” үнэртээд сууж байх ч гоё шүү. Заза арай хэтрүүлчихэв үү.(инээв)

Сэдвээсээ жаахан хазайя. Хонгороо найз залуутай гэсэн. Найз залуугаа танилцуулахгүй юу?
Манай найз залууг Тэлмүүн гэдэг. Менежер хийдэг сайхан залуу бий. Найз залуу маань бүжигчин л дээ. Харин хүмүүс намайг мэргэжлийн бүжигчин хэмээн ташаа ойлголт авсан байх шиг байсан. Бүжиглэдэг хүмүүстэй ойр байдаг намайг мэргэжлийн бүжигчин нүдээр харж чадсан бол баяртай байна. 

 Тэгвэл хайр сэтгэлийг хэрхэн ойлгодог вэ?
Хайрыг тодорхойлсон олон сайхан үгс байдаг. Харин миний ойлгож дүгнэдгээ хайрыг итгэл болон хүндэтгэл дээр тогтоодог. Учир нь маргалдах үедээ хүндэтгээд ч тэр юм уу амнаасаа айхтар чичлэсэн үг гаргаж чаддаггүй. Үсрээд л “тэнэг” гэж хэлж байсан байх. Хүндэтгэл дээр тогтоодог болохоор амархан уучилж чаддаг гэж боддог.

  Хайр сэтгэлийг төгс болгодог гэрлэлтийн талаар ярилцъя. Хонгороо аавыгаа хэзээ өвөө болгох гэж байна?
Миний үзэл бодол гэр бүл төлөвлөлт дээр санал нэгддэг шүү. Хүмүүс ингэж ярьдаг л даа. Өө хүүхэд гарч л байдаг юм гээд л их хайхрамжгүй ханддаг юм шиг санагддаг. Харин миний бодол огт өөр. Юу юу ч үгүй байж тэр “нандин бэлгийг” өлсгөж цангаагаад зовоогоод байвал хэцүү ш дээ. Тиймээс сайхан амьдрал цогцлоож чадсны дараа “бурхны бэлгийг” хүлээж авч, сайхан орчин гэр бүлд хүмүүжүүлэх юмсан гэж хүсдэг. Яахав энэ миний л бодол юм шүү. Залуу сайхан насан дээрээ хүүхэд харж суумааргүй байна, хийж бүтээмээр байна. 

Ийнхүү манай ярилцлага өндөрлөж байна. Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлчийн хормыг танд үлдээе.
Баярлалаа, “Амьдаа” болсон Хонгорзул сэтгүүлийнхээ нийт уншигчдад энэ хорвоогийн хамгийн гэгээлэг бүхнийг хүсье. Хонгорзул хэмээх нэртэй олон олон уншигчид ч байгаа байх. Энэ нэрнийхээ эрхэм утгыг санан дээш дээш нь өргөн явах болно оо. Намайг дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд үргэлж талархдагаа хэлмээр байна.
Баярлалаа, Олимпийн аварга болоорой гэж хүсэн ерөөе!
Ярилцсан И.Сувд
2012.10 сар

No comments:

Post a Comment