Friday, December 6, 2013

Монголын Дрифт хаан Д.Зоригтсайхан



    Сүүлийн үед залуус автомашины спортыг ихээхэн сонирхох болж. Энэ оны 6 сарын 30-нд “Монголын Дрифт Кинг” шалгаруулах тэмцээн гурав дах жилдээ амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээний  гурван удаагийн аварга,  дрифт мастер Д.Зоригтсайхантай та бүхнийг уулзуулж байна. 



Д.Зоригтсайхан: “Өрсөлдөгчөө ялсан нэг секунд гэдэг хэзээ ч давтагдашгүй боломж бас мэдрэмж юм”
 

   Сайн байна уу?  Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
     Намайг Даваагийн Зоригтсайхан гэдэг. Ховд аймгийн Жаргалант суманд  төрөөд удаагүй Улаанбаатарт ирсэн. Ер нь Улаанбаатарт л өссөн дөө. Одоо МУИС-ийн Хуул зүйн сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан. “Монголын Дрифт Кинг” шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жил хошой аварга болон түрүүлж байсан. Энэ жил мөн адил түрүүлж “Дрифт Кинг” буюу монголчилбол “Шарвалтын хаан” цолыг авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.

    Автоспорт нь бусад спортуудыг бодвол эрсдэл өндөртэйгөөрөө нилээн дээгүүрт бичигддэг. Яагаад заавал энэ спортыг сонгон хичээллэх болов? Нилээн зориг шаардагдсан байх.
    Би энэ спортоор хичээллээд таван жил болж байна. Эрэгтэй хүүхэд л болсон хойно бага байхдаа спорт загварын машин, тоглоомыг ихэд сонирхдог байсан. Энэ спорт нь Япон улсаас гаралтай. Өмнө нь би Японд сурч байхдаа тэнд “дрифтлэж” буй залуучуудыг хараад “Би ч гэсэн ийм мундаг чадвартай болох юмсан” гэсэн  хүсэл минь энэ спорт руу хөтлөсөн болов уу. Тэгээд Монголд ирээд хэрэгжүүлж эхэлсэн дээ.

    Тэгвэл Япон улсаас өвөртлөн ирсэн их хүсэл нь “V6” клубыг үүсгэн байгуулах гол нөлөөлөл болсон байх нь ээ. Манай залуусын дунд аль хэдийн танил болоод буй клубынхээ талаар ярихгүй юу?
     “V6” клуб нь анх 2005 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар манай клуб нь хамгийн чадварлаг, хамгийн шилдэг гэсэн 30 гаруй гишүүн, мөн тооны авто машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“V6” клуб нь өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, гишүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, авто машинуудынхаа хурд, хүчийг сайжруулах зорилгоор олон арга
хэмжээ зохион байгуулдагт “Монголын Дрифт Кинг” шалгаруулах тэмцээн маань багтдаг.

    Таны хувьд дасгалжуулагч, зөвлөгч гэж байдаг уу?
Надад анхнаасаа тийм хүн байгаагүй. Өөрөө сонирхлоороо хичээж сурч байсан. Ёстой л “бор зүрхээрээ” гэдэг шиг өөрөө өөртөө зөвлөгч, сургагч нь байсан гэж хэлэхэд болно. Одоо “Магнай Трейд” компанид харъяалагддаг.

    Дрифтийн спортын онцлогоос дурьдахгүй юу? Бусад автоспортын төрлөөс юугаараа ялгаатай вэ?
   Онцлог гэвэл бидний унаж оролцдог машин үйлдвэрийн бус машин. Хүн болгон өөрийн машинаа аваад янзалж, хурд хүчийг нь өөрсдөө нэмдэг. Бэлэн машин аваад унаад байдаггүй нь их хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Мөн өөр нэгэн онцлог нь гэвэл машиныг урагш хойш биш хөндлөн явуулдагт оршино. Ямар ч жолооч бол машиныг  хөдөлгөөд байж чадна. Харин ямар ч сайн жолооч дрифтийн спортыг хийхэд хэцүү. Энэ онцлогуудаараа бусдаасаа ялгарна. 

    Энэ спортын хөгжил нь манай улсад ямар шатандаа яваа вэ?
       Манай улсад орж ирээд удаагүй байгаа отгон спортын нэг. Мэдээж дэлхий нийттэй харьцуулбал бага түвшинд яваа хэдий ч Монгол улсын хувьд өндөр түвшинд хурдацтайгаар хөгжиж буй спорт юм. Тиймээс мэргэжлийн зам талбайтай болчихвол “Зам дагаж хөгжил ирнэ” гэдэг шиг улам бүр сайн хөгжиж, тун удахгүй дэлхийн түвшинд хөл нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


   Анх тэмцээнд орж байсан сэтгэгдэл, уг спортоос мэдрэх мэдрэмжийн хувьд?
      Их сандарч байснаа санаж байна. Анх 2008 онд тэмцээнд оролцож байсан. Урлагийн хүмүүст бол анхны тайз гэдэг шиг тамирчин  хүн бүрийн хувьд анхны тэмцээн гэдэг  сандрал дагаж л байдаг. Миний хувьд олон хүний өмнө машинаа удирдаж зална гэдэг их хүндрэлтэй санагдаж байсан. Гэхдээ л миний сонирхол байсан учир өдийг хүртэл энэ спортын үр шимийг үзээд амжилтаар дүүрэн байна. Тэмцээнд ороод заавал нэг, хоёрдугаар байранд орж түрүүлэхдээ биш өөрөө тэр гоё мэдрэмж, таашаал, кайф мэдрэхийг зорьдог. Учир нь энэ спорт түрүүлж орж ирснээрээ бус секунд, долиор хэмжигддэг. Тиймээс цаг, минут, хором, мөч бүр үнэтэй.

Тэгвэл таны хувьд энэ спортын нэг секундыг амьдралын юутай зүйрлэх вэ?
    Хүмүүс ихэвчлэн аз жаргалтай амьдрал гэж ярьдаг. Үнэндээ аз жаргалтай хором мөч гэж байдаг. Тийм болохоор миний хувьд өрсөлдөгчөөсөө өрсөн орж ирж буй нэг секунд бол хэзээ ч давтагдашгүй боломж, бас мэдрэмж юм уу даа. Амьдрал дээр ч гэсэн хүн хэн нэгнээс өрсөж, цаг хугацааг ашиглаж амьдрах хэрэгтэй гэж боддог. Өнгөрсөн секунд чамд хэзээ ч ирэхгүй шүү дээ.

   Хүний аав ээж гэдэг үр хүүхдээ эрсдэлтэй спорт байтугай эрсдэлтэй алхам бүү хийгээсэй хэмээн хүсч байдаг. Дрифтийн спортоор хичээллэж эхлэхэд гэр бүл, ойр дотныхон нь хэрхэн хүлээж авч байв?
    Анх бол аав ээж бүр эрс дургүйцэж байсан. Машин тэрэг унуулахгүй ч гэдэг юм уу. Бүр машиныг маань хурааж авч байсан ч удаа бий шүү дээ.(инээв) Мэдээж хүн аливаа зүйлийг зүгээр нэг амар хялбараар мэдээд авчихдаггүй шүү дээ. Нилээн их хүчин чармайлт, зүтгэл эрмэлзэл байж үр шимийг нь хүртдэг. Миний ч хувьд ар гэрийнхэн дургүйцэхээс өгсүүлээд хөрөнгө мөнгөний бэрхшээл их байсан. 

   Хүүгийнхээ энэ олон аваргын цол, шагнал, амжилтыг  хараад аав ээжийнх бодол өөрчлөгдсөн нь дамжиггүй?
     Өөрчлөгдөлгүй яахав. Бүр эрс өөрчилж чадсан гэж боддог. Тиймдээ  ч сэтгэл санаа болоод санхүүгийн асуудлууд дээр маань гэр бүлийнхний минь оролцоо туслалцаа маш их. Энэ дашрамд гэр бүл, ойр дотныхондоо баярлаж явдгаа хэлмээр байна. 

  Тамирчин хүний хувьд өөрийн гэсэн эзэмшсэн арга барилтай байдаг. Өөрийн тань хувьд ямар арга барилыг дагнан хичээллэдэг вэ?
   Дрифтийн спорт нь өөрөө маш эрсдэл ихтэй спортын тоонд багтдаг гэж дээр дурьдсан. Тиймээс юуны өмнө хувийн бэлтгэл, сургуулилтаа сайн базайж, аюулгүй байдал дээр анхаарах нь чухал гэж боддог доо.

Аливаа хүнд алсын хараа, хэтийн зорилт зорилго гэж байдаг. Таны хувьд?
   Энэ спортынхоо үр шимийг гаргаж олон улс тэр дундаа Япон, Америкийн уралдаанд орох юмсан гэж бодож, зорьж явдаг. Дэлхийн түвшинд хөл нийлүүлэн тус уралдаанд оролцох боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч хичээх болно.

Ирээдүйд автомашины спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд багачууд, залуус, үе тэнгийнхэндээ  хандаж юу гэж хэлэх вэ?
      Миний хувьд энэ спорт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжит хувилбаруудын нэг гэж боддог. Залуучууддаа хандан хэлэхэд өөрийн сонирхсон хобби, спортоор тууштай хичээллэх нь үр дүн өгөөжөө заавал өгдөг юм шүү. Ялангуяа дрифтийн спорт нь зөв сэтгэхүй, техникийн хүмүүжлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь бид нарыг хараад хамаагүй дуурайж болохгүй шүү. Аюултай, осолтой спорт.  Аюулгүй байдал бол нэн тэргүүнд тавигдах хүчин зүйл. Тийм учраас аюулгүй байдлыг сайн хангаад, өөрийгөө тодорхой хэмжээнд  бэлдсэн цагт хүмүүст үзүүштэй уралдаан тэмцээнд орох хэрэгтэй. Аюулгүй байдал гэдгийг л ахин дахин хэлмээр байна.

  Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан алдартай тамирчин болохыг залуучуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.
Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд мөн амжилт хүсье.

Ярилцсан И.Сувд
2012 он 7 сар
  

No comments:

Post a Comment