Monday, December 9, 2013

Дуучин Puujee Flora




     Тэр нэгэн орой...Түүнтэй уулзахыг хүлээсэн мөч...Үүдээр гэрэл цацруулан инээмсэглэсэн дэгжин бүсгүй дөхөж ирлээ. Сайн уу, Пүрэвцэцэг байна хэмээн гар барин мэндлээд бидний яриа эхэлсэн юм. Поп урсгалаар уран бүтээл туурвиж буй эл бүсгүйн “Хунгийн нулимс”, “Зөрөөд өнгөрч болох л байсан”, “Нууцхан хайр”, “Галт тэрэг” зэрэг эгшиглэнт дуунууд таны сонорт хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү бидний халуун дотно, хөгжилтэй ярианд дөхөн суугаач.
 

Дуучин Puujee Flora:  “Хөгжим бол миний амьдрал”

-Сайхан орой байна. Пүүжээ манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Юуны өмнө “Хонгорзул” сэтгүүлийг шимтэн уншдаг эрхэм уншигчдад миний яриа хүрэх өдрийн мэнд хүргэе. Намайг Тэрбишийн Пүрэвцэцэг гэдэг. 2004 онд Мюзик Холл /Music Hall/ сургуулийг жүжигчин, дуулаачийн мэргэжлээр төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ хэсэг ажиллаж байсан ч  уран бүтээл маань хувийн шалтгааны улмаас завсардаж 2010 оноос эхлэн шаргуу ажиллаж эхэлсэн. Ийнхүү ард түмэндээ, мөн “Хонгорзул”-ын уншигчдад бэлэгтэй ирсэн байгаа. /инээв/

-Гэнэтийн байна?
-Тийм ээ, Удаан хугацааны хөлс, хүч, хөдөлмөр, хайр шингэсэн “Unbroken Love буюу “Шархлаагүй хайр” нэртэйгээр гаргасан анхны цомгоо өнгөрсөн 9 сарын 28-ны өдөр “өлгийдөж” авсан юм. 

-Цомгийн нэр содон, өвөрмөц санагдлаа?
-Хүн бүр бүтэхгүй хайртай учрах албагүй. Магадгүй анхны хайр нь амьдрал болоод цэцэглэсэн хүмүүс ч байдаг. Миний цомогт орсон “Анхны хайр” дууг ах минь бичсэн юм л даа. Саяхан хийсэн CD-ний баяр дээр миний найз надад “Баярлалаа, Пүүжээ. Бас ахад чинь ч баярлалаа” гээд л тэвэрч аван талархснаа илэрхийлсэн юм. Учрыг асуутал “Энэ дуу, яг л надад зориулагдсан юм шиг” гэж хэлж байсныг санаж байна. Тийм ч учраас гуниг гутралыг ардаа тээсэн бүтэлгүй хайраар үг хийн нэрлэхийг хүсээгүй.

-Puujee Flora нэр ч анхаарал татахгүй байж чадахгүй нь?
-Миний нэр Пүрэвцэцэг. Өвөөгийн минь өгсөн алдрыг латин хэлнээ хөрвүүлэн дуудахад дөхөм, сонсголонтой сонсогдож энэ нэрийг уран бүтээлийнхээ нэрээр сонгосон. Puujee Flora…Цэцгийг бэлгэдэн нэрэн дээрээ шигтгэж өгсөн...

-Цомгонд орсон уран бүтээлүүдийн талаар хөөрөлдье.
Шархлаагүй хайр” цомогт маань нийт 8 дуу багтсан. Ихэнх дууны маань үгийг яруу найрагч С.Энхтайван шүлэглэж, амьдруулахад Б.Бат-Өлзий, хөгжмийн МУСГЗ Г.Пүрэвдорж нар гар бие оролцсон. Сонин задлабал дуунуудынхаа бүх л нэрийг өөрөө өгсөн. /инээв/ Энэхүү цомгоо ашиг олохын төлөө бичүүлээгүй гэдгийг онцолмоор байна. Цомгийн орлого нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулагдана.

-Содон бас гэгээн юм. Пүүжээ хэн багшийн шавь бэ?
-Миний оюутан нас “Мюзик Холл” сургуультай салшгүй холбоотой юм. Тэр дундаа дууны багш МУСТА, Буриадын гавъяат багш, дэд профессор Ж.Цэцэгээ багшийгаа дурьдахгүй байхын аргагүй. Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ Ш.Дэлгэржаргал нарын шавь даа. Бахархахгүй байхын аргагүй. Ийм сайхан багш нартай хүн гэдгээрээ бардахгүй байхын аргагүй юм. 

-Өөрийгөө дайчлан, амжилт өөд мацаж яваа бүсгүйгээс асуулгүй өнгөрч чадахгүй нь. Бүсгүй хүн амжилтанд хүрэхийн тулд юу чухал юм болоо?
-Их сайхан асуулт байна. Миний бүтээж, зүтгэж буй амжилт уулаар төсөөлбөл уулынхаа бэлд нь байна. Эмэгтэй ч гэлтгүй амжилтыг тууштай, шантралгүй, хичээл зүтгэлтэй нь хүртдэг гэж би боддог. Миний бодлоор зарим хүмүүс “Би чадахгүй”, “Миний чаддаг зүйл энэ биш”, “Миний хийнэ гэдэг үлгэрийн далай” байлгүй гэх зэргээр өөртөө ирэх амжилт, аз завшааныг хана, хаалт босгон татгалздаг юм шиг санагддаг. Оролдоод л үз, бусдын чаддагийг чи яагаад чадахгүй гэж өөрийгөө босгон байгуулаарай гэж хэлмээр байна. 


-Таны туулсан амьдралд “мартагдашгүй” дурсамж олон байх. Онцлон өөрийгөө аз жаргалтай бүсгүйгээр мэдэрч байсан тэр нэг өдрийг дурсахгүй юу?
-Одоо хэр нь би мартаж чаддаггүй нэг өдөр байдаг юм. Сургуулиа төгсөх жилээ Олон Улсын Миссийн тэмцээнд оролцох эрхийг хүлээж авч байсан юм. Бурхан минь, охид бүрийн багын мөрөөдөл биш гэж үү хэмээн баярлаж байсан нь яг өчигдөр шиг санаж байна. 2005 онд БНХАУ-т зохион байгуулагдсан тус тэмцээнд 67 орны 150 гаруй сайхан бүсгүйчүүлтэй эх орноо төлөөлөн өрсөлдөнө гэдэг миний хувьд хамгийн том завшаан байсан юм. Олон орны хүмүүсийн өмнө Н.Норовбанзад агсны “Дөрвөн цагийн тал” дуугаар үзэгчдийг уяраан, намайг мялааж босч алга ташсан сэтгэл хөдлөл, миний анхны том тайз, тусгай байрын шагнал...Тэр сайхан мөчийг юутай зүйрлэхээ одоо хэр нь тааж хэлэхийн аргагүй зүүд мэт агшин байсан....

-Бахархаж байна шүү, Puujee Flora өөрийг тань тодорхойлох зарчим юу вэ?
-Хүнээр хайрлуулах гэж хичээх бус өөрөө ч бас өгч, хүндэлж, хайрыг түгээж байж чамд ирдэг гэдэгт бат итгэдэг. Тэгэхээр Пүрэвцэцэг гэдэг хүн хайрыг тарааж, түгээхийг хүсдэгийг миний “”Шархлаагүй хайр” цомог илэрхийлнэ гэж бодож байна.

-Тэгвэл гэгээлэг цомгийн эзэн хайрыг хэрхэн тодорхойлох вэ?
-Хүн төрөлхтөн ус, агааргүйгээр амьдрахын аргагүй гэдэг бол амьдарч боломгүй зүйлд “хайр” ч бас багтдаг. Тэгэхээр миний хувьд хайрыг агаар, устай зүйрлэн “агуу” гэж л тодорхойлъя. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж. Магадгүй хүмүүс ус, агаараас тэргүүнд тавина гэдэгт эргэлзэхгүй байна.

-Машиндаа эсвэл гэртээ ямар дуу сонсдог вэ?
-Ихэвчлэн МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайг сонсдог доо. Миний бухимдалгүй, стрессгүй амьдралыг дуу хөгжим, тэр тусмаа “тэд” бий болгодог гэж хэлж болно. /инээмсэглэв/

-Хөгжим таны хувьд?
-Хөгжим бол миний амь амьдрал гэж бардам хэлнэ. Багаасаа л урлагийн амтанд орж, “түүнгүйгээр” амьдралаа төсөөлж байгаагүй, төсөөлөх ч үгүй байх. Хөгжимгүй ертөнц гэрэл үгүй хан харанхуйгаас ялгаагүй юм шүү дээ. 

-Тайз, танд өгөх алга ташилт... Энэ бүгд урлагийн хүмүүсийн “амьдрах” хүч нь болж өгдөг байх. Өөрөөр таныг юу “цэнэглэдэг” вэ?
“Ганцхан инээмсэглэл л энэ хорвоогийн гоо үзэсгэлэнг хэмжээлшгүй ихээр нэмэгдүүлдэг билээ” гэсэн өгүүлбэрээр цомгийнхоо зурагт хавтсыг чимсэн юм. Тэгэхээр эргэн тойронд аз жаргалаар дүүрэн инээмсэглэсэн хүмүүсээс би “баттерэй фүүл” болдог шүү.

-Эрхгүй эрч хүчтэй санагдаж байна. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе.
-Баярлалаа. “Хонгорзул” сэтгүүлийнхээ хойморт тухлан заларлаа. Намайг өдий зэрэгтээ өсгөн хүн болгосон ачит ээждээ, цомгийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүхий л хүмүүст, мөн намайг уншин суугаа эрхэм танд талархал илэрхийлье. Эрүүл энх, сайн сайхан, аз жаргал таныг хүрээлэг. Бадамлянхуа адил дэлгэрэх болтугай.

Ярилцсан: И.Сувд
2013.10 сар

 


No comments:

Post a Comment