Шинэ он гарч түүхийн шинэ хуудас нэгэн оноор нээгдэж байна. Харин Монголын соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ өнгө төрх болон мэндэлсэн “Шанз-3” хамтлагийг энэ удаагийн зочноор урилаа.
“Нөхөрлөлийн
үнэ цэнэ үнэн дээр тогтож, худлыг няцаадаг “шидтэй”. Тиймээс ч бид хамт байна.”
Монголчууд
“Шанз-3” хамтлагийг шанзтай гурван бүсгүй гэдгээр нь хэдийнээ таньдаг болжээ.
Харин энэ удаа хамтлагийн охидыг илүүтэй танимаар байна?
-Баярлалаа, Хонгорзулын нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе, Хамтлагийн
ахлагч Бука буюу Булган байна. Хөгжим бүжгийн коллежийг 2011 онд төгссөн.
-Намайг Элбэрэл гэдэг. Шанз-3 хамтлагийн гишүүн. Одоогоор хөгжим бүжгийн
коллежид суралцаж байгаа.
-Сайн байцгаана уу? Шанз-3 хамтлагийн гишүүн Нарантуяа байна. Хөгжим
бүжгийн коллежид мэргэжлээрээ суралцдаг.
“Элсэн цөл” клип олонд танигдаад
удаж байна. Түүний дараагаар “Эрч хүч” нэртэй рок клип гаргасан. Ирж буй оны
төлөвлөгөөгөөсөө хуваалцахгүй юу?
Бид шинэ жилээр “Аз жаргалын зул
сар” нэртэй шинэхэн уран бүтээл дээр ажиллаж үзэгчдэдээ хүргэсэн. Хөгжимдөх бус
өөрсдийн далд авъяасаа харуулахыг зорьсон. Ирж буй энэ онд их олон зүйлийг
төлөвлөж, завгүй байлгах зүйлс арвин байгаа. Тиймээс сюрприз хэвээр үлдээе гэж
бодож байна. Шивнэсэн хүслийг хүнд хэлж болдоггүй гэдэг дээ. (инээцгээв)
Олон олон хөгжмийн дундаас яагаад шанз хөгжмийг онцлох болов?
Бидний хувьд шууд л шанз хөгжимд
дурлан сонгоогүй. Бүгд л өөр өөр ангид шалгуулж байсан ч хувь заяаны тохиолоор
нэг нэгнээ олсон гэхэд болно оо. Жишээ нь Булган ёочины ангид орох сонирхолтой
байсан, харин Элбэрэлийн хувьд уран нугардаг, Нараа болохоор ятга хөгжмийн
ангид элсэх байсан ч элсэгчдийн тоо гүйцсэн шалтгаанаар шанзийн ангид орсон.
Энэ дашрамд биднийг өдий зэрэгт хүргэж өгсөн бүх л мэргэжлийн багш нартай
баярлалаа гэж хэлмээр байна.
Охид тэр дундаа төгөлдөр хуур, хийл хөгжим рүү хошуурдаг юм шиг
санагддаг. Харин тэднээс ялгарах “гайхамшиг” та нарынхаар юунд байдаг юм бол?
Мэдээж хөгжмийн барилт тавил
болон дуугаралтаараа онцгой. Ямар эрхэмсэг дуугардаг билээ. Төгөлдөр хуур, хийл
хөгжмийн хувьд дарж байгаа аялгуугаагаасаа хамааран сэтгэлийн хөдөлгөөнөө
чөлөөтэй илэрхийлж болдог. Харин шанзны хувьд цэх суухыг “заадаг”. Эмэгтэй хүн
ямар байх ёстойг энэ л хөгжим бидэнд сургасан. Уян хатан, эмэгтэйлэг зан
чанарыг илүүтэй шингээсэн хөгжим шүү дээ. Тиймээс эрэгтэй хүн дарж буйг харж
байгаагүй.(инээв)
Бага ангиасаа найзалж байсан гэж дуулсан. Мөн биднийг шанз хөгжим
нэгтгэдэг гэж өгүүлсэн байсан. Өөрөөр та нарыг нэгтгэдэг зүйл юу вэ?
Хамтлаг гэдэг үгний утга нь ч
хамтаараа лаг гэлцэх нь бий. Хамтдаа нэгэн хүсэл мөрөөдөл, зорилт зорилго, мөн
сонирхлын үүднээс нэгдсэн “нэг сэтгэлтэй” охид байна. Яг л “Гурван сэтгэл нэг
хүсэл” гэдэг шиг биднийг энэ зүйлүүд нэгтгэдэг.
Олон жил найзалж нөхөрлөсөн, цаашлаад хамтлаг байгуулан хамт байсан та
нарынхаар нөхөрлөлийн үнэ цэнэ гэж юу вэ?
Нөхөрлөлийн үнэ цэнэ мэдээж
хуурдаггүй, хувирдаггүй, урвадаггүй үнэнч зан, үүрдийн итгэл дээр тогтдог гэж
боддог. Үүний цаана хэлж дурдаагүй хайрладаг, хүндэлдэг, итгэдэг зангууд орсон
гэдэгт итгэлтэй байна. Мэдээж жинхэнэ нөхөрт наашаа харж инээж, цаашаа харж
уйлдаг хүн орохгүй. Дүгнээд хэлэх юм бол нөхөрлөлийн үнэ цэнэ нь үнэн дээр
тогтож, худлыг няцаадаг “шидтэй”. Тиймээс ч бид хамт байна. Байсаар ч байх
болно.
Өөрийн биеэр мэдэрч туулаагүй сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжмөөр
илэрхийлнэ гэдэг хэр хүндрэлтэй вэ?
Бид багаасаа л энэ уянгалаг
эрхэмсэг хөгжимтэй амьдралын замаа нэгэнт холбосон. Бага багаар суралцан эзэмшч
байна. Төгс сурна гэж боловч түүнтэй дүйцэхүйц хэмжээнд сурахыг бид эрмэлздэг.
Хүндрэлийн хувьд бага гэж бодож байна. Тайзан дээр гарахад яг л шидтэний
дохиураас барьсан мэт бид хөгжмийг бус хөгжим биднийг удирдан чиглүүлж, бид ч
түүндээ уусан бүжиглэдэг. Сэтгэлийн хөдөлгөөн, харц маань хүртэл удирдагдан
уусдаг.
Олны нүдэн дээр ил байдаг урлагийн хүмүүс учир гоо сайхандаа хэрхэн
анхаарч байна?
Үнэтэй бүтээгдэхүүн нүүрэндээ
нялах нь гол бус биднийг залуу нас минь яалт ч гүй чимж байна. Урлагийн хүмүүс
учир ихэнхдээ тайзны будалт давамгайлна. Нүүрээ цэвэрлэж унтахыг гол зарчмаа
болгодог. Урлаг биднийг үргэлж гоё байхыг шаарддаг. Учир нь олон түмний үлгэр
дууриалал олны хүмүүс байдаг билээ. Тиймээс “муухай” харагдах эрхгүй. Сардаа нэгээс
хоёр гоо сайханд орохыг хичээдэг.
Үзэгчдийн дундаас хайраа илчлэх ч юм
уу, хачирхалтай сонин тохиолдлууд гарч байв уу?
Монголын үндэсний радиогоор нэг
удаа нэвтрүүлэгт оролцсон юм. Найман асуулттай, алдвал утасны дугаарын нэг
оронг хэлнэ. Харамсалтай нь асуултуудад бүдрэн дугаараа алдаж байсан.
Нэвтрүүлэг цацагдаж дуусав уу үгүй юу утас маань “амар заяа” үзэхээ больсон нэг
тохиолдол гарч байсан. Түүнээс биш бид хөгжмөө тавихаар хүмүүс танихаа
больчихдог.(инээв) Өөрсдийгөө рекламдаж сурталчлахыг ч урьтал болгодоггүй л
дээ. Шанз гэх хөгжмийг олон таниулах үүргийг бид хүлээсэн.
Ямар залуучууд таалагддаг вэ?
Юун түрүүнд эрэгтэйлэг залуучууд
таалагддаг. Одоогоор нүүрээ будаж, ээмэг зүүдэг, бариу өмдөөр гангардаг
залуучууд олширчээ. Солонгос улсын соёлын довтолгоонд өртөөгүй жинхэнэ Монгол
эр хүн гэсэн үг л дээ. Мэдээж ухаалаг, харьцааны соёлтой зэрэг шалгууруудыг
эмэгтэй хүн болгон л дотроо боддог байх. Хамгийн гол нь урлагийн хүний
амьдралыг ойлгодог байгаасай гэж боддог. Манай Букад гаж биш рок залуучууд таалагддаг.(инээв) Энэ нь нэгэн хэвийн бус содон гэсэн утгаараа юм шүү.
Түрүүн дуулдаг, нугардаг гэлээ. Өөр
далд авъяас үлдсэн юм биш биз?
Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ.
Мэргэжлийн гэж хэлэхгүй ч бидэнд хөгжим бүжгийн сургуулиас өвлүүлэн үлдээсэн
гэхэд болно. Элбэрэлийн хувьд нугардаг, Булган маань Урлах эрдмийн дээд
сургуульд сурдаг, маш гоё зурна. Нараа шүлэг зохионо. Тал талын авъяастай
хүмүүс энэ хамтлагийг бүрдүүлдэг дээ.
Сонирхолтой асуулт байна.
Хамтлагийнхаа анхны орлогыг юунд зориулж байв?
Анхныхаа орлогыг хамтлагийнхаа гутал, хувцас, чимэглэл зэрэгт зарцуулж
байсан юм байна. Одоо бол хамтлаг маань фондондоо хэрэгцээт зүйлтэй болсон.
Нараа: Би бол анхныхаа орлогоор эмээдээ банштай цай хийж өгөх гээд сүү,
банш аваачиж өгч байсан юм байна.
Ирээдүйд та бүхэн?
Юун түрүүн эх орноо дэлхийд
сурталчилж чадсан хамтлаг болох зорилготой. Шанз хөгжмөөр дамжуулж Монголыг
сурталчлах нь бидний үүрэг гэж ойлгож болно. Төгөлдөр хуур, хийл хөгжмийн хувьд
бэлэн зохиол дээр ажилладаг. Харин бидний ялгарах онцлог нь дан ганц шанз
хөгжмөөр тоглох бус зохиолоо ч тэр, хөгжмөө ч тэр, Монголоо ч тэр сурталчлахыг
зорьдог доо.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөж байна. “Хонгорзул” сэтгүүлийн уншигчдад
хандан юу гэж хэлэх вэ?
Юуны өмнө биднийг зочноор урьсан та бүхэнд маш их баярлалаа. Шанз-3 хамтлаг
та бүхэнтэйгээ “Хонгорзул” сэтгүүлээр дамжуулан уулзаж байх болно. Танай сэтгүүлийн
хамт олонд болон уншигчдадаа хорвоогийн гэгээлэг бүхний дээдийг хүсэн ерөөе.
Ярилцсан И.Сувд
2013.01 сар
Pulsa, ceramic vs titanium flat iron | TITIAN ART - TiGAN
ReplyDeleteTITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: titanium engagement rings for her TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: titanium blue TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: micro touch titanium trim where to buy TITE: TITE: TITE: titanium necklace TITE: TITE: TITE: TITE: does titanium have nickel in it TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: TITE: