Tuesday, December 3, 2013

Жүжигчин О.Долгорын ярилцлага



Манай энэ удаагийн зочноор “Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар” зэрг киногоороо олонд танигдсан залуу жүжигчин О.Долгор уригдсан юм. Домогт Ану хатан түүхэн уран сайхны Мандарваа хэмээх бүсгүйн дүр дээр ажиллаж түүнийг зураг авалтаасаа хэсэг амс хийхэд нь аргамжсан юм. Ингээд уншигч авхай та жүжигчин бүсгүйн аливаад баригдмал бус, дахин давтагдашгүй дотоод сэтгэлээр тавтай аялна уу.

  О.Долгор: Хайр байвал цэцэглээд л явчихна
  Сайн байна уу? Юуны өмнө зав гарган  манай сэтгүүлийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үеийн сонин сайхнаар яриагаа эхлэх үү? Домогт Ану хатны Мандарваа хэмээх бүсгүйн дүрийг бүтээж байгаа гэж сонссон...
     Хонгорзул сэтгүүлийнхээ уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос гэвэл Г.Шүүдэрцэцэг зохиолчийн Ану хатан  романаас сэдэвлэн бүтээгдэж байгаа түүхэн уран сайхны киноны голлох дүр болох Мандарваа хэмээх бүсгүйн дүр дээр ажиллаж байна. Киноны маань зураг авалт дөрвөн сарын нэгнээс эхлээд одоогоор жаран хувьтай явж байна. Түүхэн кино учир ажиллагаа ихтэй байдаг юм байна. Миний хувьд  анхны түүхэн уран бүтээл учир ихээхэн олзуурхан хүлээн авч байна.
Дүрийн онцлогийн хувьд?
     Мандарваа гэдэг хүн бол түүхэнд үлдсэн хүн биш. Гэхдээ зохиолч маань романдаа уран сайхны аргаар тусгаж гаргаж ирсэн дүр байгаа. Эртний хаад, ноёд маань хажуудаа ямагт эрхэм түшмэл, туслахуудтай байдаг. Энэ утгаараа  Мандарваа нь Ану хатанд бүхий л талаараа нөлөөлж чадахуйц эрэмгийн зоригтой шадар зөвлөгч бүсгүйн дүр юм.  Иймээс миний хувьд маш хариуцлагатай дүр гэж бодож байгаа.

Үзэгчдийн хувьд өөрийг тань “Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар” зэрэг киноны дүрүүдээр төсөөлдөг нь дамжиггүй. Тэгвэл Долгор гэх эмэгтэй  “амьдрал”  хэмээх том жүжгийн чухамхүү ямар дүр вэ?
    Энэ асуултыг их олон хүн асуудаг л даа. Намайг чухам ямар хүн бэ гэдгийг гэр бүл, найз нөхөд, миний эргэн тойрны хүрээнд байгаа хүмүүс илүү сайн дүгнэн хэлэх байх. Өнөөдрийг хүртэл бүтээсэн дүрүүдийн маань зарим  характерууд надад байдаг болохоор дүрүүдээ бүтээхэд ойр байсан байх. Гэхдээ энэ үг нь зөвхөн өөртэйгөө ойр дүрийг бүтээдэг гэвэл эндүүрэл юм.Тиймээс  өөрийгөө эвдэж,  шинээр нээсэн дүрээр удахгүй үзэгчдэдээ хүрнэ гэж хэлмээр байна. 

Нандин дурсамжийг үргэлж сэтгэлд хөглөдөг бага насны тухайд? Ямар хүүхэд байв, уншигчдад их сонирхолтой байгаа болов уу?
Би багадаа их бүрэг хүүхэд байсан. Ангийн хурал дээр багш ээжид “Долгор их даруухан, ичимхий ” гэж хэлсэн юм билээ.   Ээж маань  “Чи даруухан, бүрэг хүүхэд биш шүү дээ. Гэртээ байхдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэрнээ нийгэм дээр яагаад ийм бүрэг ичимхий байдаг юм бэ?” гэж хүртэл асуудаг байсан. Үүний хариултыг зөвхөн би л мэддэг. Учир нь миний үзэл бодол багаасаа л бусдаас өөр байдаг байсан. Бусадтай үзэл бодлын хувьд зөрчилтэй байсан нь  үеийнхнээсээ “тусгаарлагдах” шалтгаан байсан юм болов уу. Гэхдээ тэр зан чанар маань миний амьдралд сөргөөр тусаагүй. Өнөөдрийг хүртэл  үзэл бодлоо хамгаалж, өөрийнхөө төлөө тэмцэхэд  хүчтэй нөлөөлсөн, миний тодотгол гэж хэлж болох зан чанар юм.

Арван жилээ хаана төгссөн бэ? Айлын эрх охин байв уу?
Үгүй, үгүй. Доороо гурван дүүтэй айлын том охин. Манай аав ээж зэвсэгт хүчинд насаараа ажилласан хүмүүс бий. Уул нь би Улаанбаатарын унаган хүүхэд.Даанч аав ээж хоёр цэргийн хүмүүс болохоор ажлын шаардлагаар их нүүдэллэнэ. Зургадугаар ангид байхад аав томилолт авч  Эрдэнэтэд очсон. Тэндээ дөрөвдүгээр арван жилийг төгссөн.

Жүжигчин гэдэг мэргэжил таны багын мөрөөдөл үү?
     Өмнө нь би жүжигчин тэр тусмаа урлагийн хүн болъё гэж огт бодож байгаагүй. Манайд урлагийн хүн миний мэдэхээр гурван үед лав байхгүй.(инээв) Анх намайг кино драмын хувиар авахад ээж маань нилээн сэтгэл дундуур “За Долгор минь манайд ийм урлагийн хүн байхгүй. Би чамайг урлагийн хүн болно гэхэд огтхон ч итгэхгүй байна. Миний охин ирээдүйгээ баллаж байгаа юм биш үү” гэж  хэлж байсан. Тэр үед ч би нөгөө л өөрийн үзэл бодлоо хамгаалдгаараа “Зүгээр ээ, үзээд алдана аа” л гэж байсан хүн шүү дээ.
Та нилээд хэдэн кинонд дүр бүтээчихлээ. Охиноо энэ өндөрлөгт гарсан байгааг хараад ээжийн тань бодол өөрчлөгдсөн үү?
   Хэдэн хэдэн дүрд тоглосон нь менежментээсээ шалтгаалаад ч тэр үү олон хүрч чадаагүй үед ээж “Миний охин олон жил урлаг уран сайхан гэж явлаа. Оройтоогүй байгаа дээрээ амьдралаа бодож нягтлан бодогч болбол яасан юм бэ?”гэж ятгасаар л байсан. Тэгээд “Үл таних эмэгтэй” киноны урилгыг аав ээждээ өгсөн. Үзснийхээ дараа “Хэлж байсан бүх үгэндээ аав ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя, ийм л юманд хүрэх гэж биднээс зөрж байсан юм байна” гэж урам хайрлаж байлаа. Тэгж л нэг санааг нь амраасан даа.(инээв)
Жүжигчин гэх мэргэжлийг аав ээжээсээ зөрөн байж сонгосон шалтгаан нь юу байсан юм бэ?
Шалтгаан уу? Тэр тийм нэг инээдэмтэй юм болсон юм аа. Би чинь уг нь конкурсаар МУБИС-ийн Хэл уран зохиолын багшийн хуваарь аваад явж байсан юм. Гэтэл КУДС-ийн элсэлтийн шалгалт Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт явагдаж байна гэсэн зарыг хараад “Өөрийгөө сориод үзье, ер нь жүжигчин болбол яадаг юм бол” гэсэн хүсэл тэрүүхэн тэндээ төрөөд тэгээд тэр эрч хүчээрээ очиж шалгалт өгөөд этюд гэж юу байдгийг мэдэхгүй хүн тэнцэж байсан. Тэр үедээ хоёр сургуулийн дунд эргэлзэж эргэлзэж илүү их сонирхол татсан болохоор энэ мэргэжлийг сонгосон доо.
Өөрийн бүтээсэн дүрүүдээс алинд нь их хайртай вэ?
Мэдээж Зулцэцэгийн дүр л дээ, яагаад гэхээр энэ дүрийн шалгаруулалтанд олон эмэгтэй жүжигчид орж байсан. Энэ дундаас шалгарч чадсан нь миний хувьд маш том хариуцлага байсан. Эхэндээ зохиолоо аваад уншихад би энэ дүр дээр ажиллаж чадах болов уу гэж эргэлзэх ч үе гарч байлаа. Дүр маань нилээн мэдрэмж, ур чадвар шаардсан хүнд дүр болохоор сэтгэлзүйн хувьд өөрийгөө сайтар бэлдэж, дүрээ илүү сайн мэдэрч чадсан нь  амжилттай гаргахад нөлөөлсөн байх.

Таныг би жүжигчин хүн гэхээсээ илүүтэй амьдрал дээр хүнд өвчнийг ялж чадсан эгэл бүсгүй гэдгээр бахархаж байна. Сэтгэлд уйтай зовлонг тань сэдрээхийг хүссэнгүй. Олон хүнд амьдрах найдвар болох болов уу гэсэндээ...

Миний хувьд сэтгэлзүйн хувьд их хүнд үе байсан. Яг сургуулиа төгсөж, дипломоо гардах, хийж бүтээе гэсэн оргилуун хүсэлтэй байхад маань миний бие өвдөж жил найман сарыг эмнэлгээр явж өнгөрөөсөн байдаг юм. Өвдөөд ирэхээр ямар ч найз нөхөд, хүрээлэлгүй хүртэл болдог юм байна лээ. Манай үеийнхэн шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргээд эхлэх үед “За би ямар ч байсан  нэгдүгээрт эдгэх ёстой байна, дараа нь өөрийн гэсэн хүрээллийг бий болгох хэрэгтэй, энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь үр дүнг нь харуулах ёстой гэсэн зорилгыг урдаа тавьж өөртөө итгэж чадснаараа өвчнөө ялж чадсан. Тиймээс өвдлөө гээд өвчиндөө шаналах биш өөрийгөө удирд, зал! гэж  хэлмээр байна.
Тэр хүнд хэцүү үед танд нөлөөлсөн тийм чухал хэн нэгний хэлсэн үг бий юу

    Мэдээж охин нь л болсон юм хойно ээж аав минь эдгээсэй л гэж залбирч байсан байх. Гэхдээ өөрийгөө удирдаж, өвчнөө ялан дийлэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол би өөрөө. Тиймээс ч би өөрөөрөө бахархдаг.
Өдөр бүр, цаашилбал өөрийн амьдралд баримталдаг зарчим тань юу вэ?
Хүмүүс асуудаг л даа, таны хэлэх дуртай үг ч гэдэг юм уу таны философи юу вэ гэж... Би нээх хүний хэлсэн үг сургаалийг баримтлаад байдаггүй. Миний философи бол миний л философи. Сургааль үгсийг сонсоод, өөрийнхөө үзэл бодолтой харьцуулан дүгнэлт үлдээлгүй л яахав. Цор ганц “би” гэсэн өнцгөөр яваад байж болохгүй шүү дээ. Миний хувьд юу ч тохиолдсон өөрийн дотоод хүчийг ашигладаг. Тэр нь эерэг, зөв, суларч болохгүй, байсан байрандаа бэлэн  байх ёстой гэж боддог.

Хайр

Хоёулаа сэдвээ жаахан өөрчлөе.  Хайр....Ер нь хайр гэдэг таныхаар ямар ойлголт      вэ?
    Би бас урьд нь энэ асуултыг өөртөө тавьж байсан юм. Хайр гэж яг энэ юм гээд хэлье гэхээр өгүүлбэрт багтаагаад цэгцтэй хэлж чадахгүй юм билээ. Нээх сайхан уран цэцэн үгээр хэлчихээр зовлонтой тал нь илэрхийлэгдэхгүй үлдээд, зовлонг нь хэлэхээр жаргалтай хэсэг нь орхигдоод. Тэгэхээр хайр гэдэг өгүүлбэрт багтахааргүй өргөн цар хүрээтэй, зовлон жаргал аль алиныг нь нэгтгэсэн агуу зүйл байх гэж бодож байна. 
Өөрийг тань “Өдөр өдрийн нар” киноноос өдөр бүрж  харж амьдрах ханиа олсон гэж сонссон. Гэр бүлийн хүнийхээ талаар ярихгүй юу?
     Миний ханийг Э.Чинзориг гэдэг. СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. Гадуур энэ яриа нилээдгүй тархсан байна лээ. Гэхдээ хэн, хаана учрах нь асуудал биш шүү дээ. Бид бие биенээ хайрласан болохоор энэ бол бид хоёрын амьдрал. Учрах ёстой хосууд бол “Өдөр өдрийн нар” гэлтгүй учрах л байсан. 
Гэр бүлийн үнэ цэнэ, бат орших үндэс нь таныхаар юу вэ?
    Миний бодлоор юун түрүүнд хувь хүн өөрийгөө олох учиртай. Тэгээд гэр бүл гэдэг ухагдахуунаа сайн ойлгож судлах хэрэгтэй. Ойлгосны үндсэн дээр гэр бүл болоод ирэхээр аяндаа мэдэрнэ. Мэдэрсэн, ойлгосон хүн чинь ухамсартай хандана шүү дээ. Ухамсартай хандана гэдэг чинь бие биендээ итгэж, хайрлаж, хүндлэхийн нэр мөн биз дээ. Ингэж л боддог доо.    
Сонирхолтой
Хүүхэд нас, хөгжилтэй дурсамж гээд л цаг хугацааны машин байсан бол гэж бодогдох үе цөөнгүй. Хэрвээ танд тийм боломж олдвол гэж бодогдох үе байдаг уу?
    Хүмүүс ихэвчлэн хүүхэд насандаа очих юмсан гэж ярьдаг. Миний хувьд хааяа нэг жил эсвэл нэг сарын өмнө очмоор санагддаг. Яахав янз бүр л дээ. Гэхдээ энэ нь байнга алдаа гаргаад байдаг гэсэн үг биш юм. Тэр үед тэгж шийдсэн бол яах бол гэж сонирхолтой үүднээс хааяахан бодох дуртай. Хүнд ер нь тийм эргэж буцсан зан байх шаардлагагүй гэж боддог. Нэгэнт л болоод өнгөрсөн хойно эргээд очихгүй шүү дээ. Тиймээс урагшаа л харж амьдрах хэрэгтэй. Урагшаа харна гэдэг маань урдахаа сайн нягталж харсан хүнийг хэлнэ. Тэгэхээр тийм алдаа гаргах нь ховор байх.
Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ
    Энд тэндгүй аз жаргал байдаг гэж боддог. Гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалаас, ажиллсан уран бүтээлийнхээ ард гарахдаа хүртэл аз жаргалыг мэдэрдэг. Магалгүй эндээс гараад гэртээ харих  зам минь хүртэл аз жаргалыг амтлах боломж байж мэднэ.   
Домогт түүхэн кинонд дүрээ мөнхөлж байгаа. Ер нь Долгорыг эртний хатадтай зүйрлэвэл хэн байх бол?
    Энэ асуултыг асуухад яг нэг зүйл санаанд буулаа л даа. Хэдхэн хоногийн өмнө би найзаасаа “Монголын их хатдын нууц товчоо” номыг авч уншсан юм. Тэр номонд  бахархахгүй байхын аргагүй баатарлаг, дайчин хатдын талаар гардаг. Уншиж байхдаа өөртөө “Би урьд насандаа яг л хатан байсан даа” гэсэн омогшлыг бий болгож уншсан л даа. Энэ нь ийм тэр нь тийм гээд хэлэхийн аргагүй нарийн ухаантай хүмүүс байжээ гэж бодсон. Тухайн нийгмээсээ шалтгаалаад тэр хатад уран мэхийг уралдуулж амьдарч  байсан бол бид ч мөн энэ нийгэмд ухаан сийлж амьдарч байна. Тэгэхээр Долгор гэдэг хүн Долгор хатны дүрийг бүтээж амьдарч байна(инээв)
      Манай улсын түүхэн дэх хатад их эрэмгий, зоримог, дайчин эмэгтэйчүүд байдаг. Энэ омогшил одоо хэр нь өвлөгдсөн юм шиг ээ. Та Монгол эмэгтэй хүний хамгийн эрхэм, чухал чанарыг юу гэж боддог вэ?
    Энэ бол хэний ч тооцоолоогүй ирээдүйг  урьдчилан сэтгэж,хэний ч хараагүй алсыг харж чадсан холч ухаан гэж хэлнэ.  
     Эмэгтэй хүнийг эрхэмсэг оршихуйн бэлгэдэл хунтай ч зүйрлэх нь бий. Манай сэтгүүлийн бэлгэдэл ч бас хун. Та их эрэмгий тэвчээртэй хун байх байсан болов уу?
Би хар хун байх байсан байх аа.(чангаар инээв) Гэхдээ цагаан зүрхтэй. Яагаад гэхээр би чинь нилээн тэмцэгч хүн болохоор  хэд хэдэн нуурыг эзэгнэсэн “эзэн” суусан хун байх байсан ч байж болох юм.
    Та жүжиглэхээс өөр ямар авъяастай вэ? Хүнд нэг тийм далд аьъяас байдаг...
    Би өөрийгөө зохиолч юм уу зураач байсан болоосой гэж их боддог юм. Гэхдээ бодоод байх биш хэрэгжүүлж үздэг юм уу ч гэж бодож байгаа. Бичвэл мэдээж романаас эхлэхгүй. Өгүүллэг, дөрвөн мөрт байж болж байна.Магадгүй эрээчсэн зураг ч байж болно.  Яагаад гэхээр миний дотор хүнд үгээр илэрхийлж гаргашгүй өвөрмөц содон ертөнц бий учраас зохиол, зураг хоёр илүү дөхөм санагддаг.
Тэгэхээр та чинь  их “сонгодог” сонирхолтой хүн байх нь ээ . Ингээд бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Хонгорзул сэтгүүлийн уншигчдад хандаж  юу хэлэх вэ?
  Миний хувьд танай сэтгүүлийг Хонгорзул цэцгээр төсөөлж байна. Тэгээд уншигчдадаа хандан гэж хэлмээр байна. Намайг урьсан танай сэтгүүлийн хамт олонд мөн баярлалаа. 
Ярилцсан И.Сувд

No comments:

Post a Comment