УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион
бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор Э.Энхчимэгтэй энэ жилийн намар
өвлийн загварын чиг хандлагын талаар болон хувь хүний байр суурийн талаар
сонирхотой яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.
Э.Энхчимэг:
“Мадоннаг хувцаслана гэдэг миний зорилго биш”
Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг
хүргэе, сүүлийн үеийн сонин сайхнаар яриагаа эхлэе гэж бодлоо. Ямар загвар дээр
ажиллаж байна вэ?
Баярлалаа, нийт уншигчдадаа мөн
энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Хичээлийн шинэ жил эхлэчихсэн болохоор
хичээлээ заахын хажуугаар “Fashion week”-тээ бэлдээд зав муутай байна. Бидний төлөвлөж
байгаагаар 11 сарын дундуур “Загварын долоон хоног”-оо зохиох бодолтой байна.
Загвар зохион бүтээгч учраас шинэ
санаагаа хэрхэн олдог вэ?
Яг энэ тэр гээд хэлэхэд хэцүү юм,
янз бүр л байдаг даа. Ерөнхийдөө бол сэтгэл татам өөр орчин, өөр улс оронд
очиход нэг тийм сайхан мэдрэмжийг дагуулж шинэ санаа минь “мэндэлдэг”.
Яагаад загвар зохион бүтээгч гэх
мэргэжлийг сонгосон юм бэ?
Багаасаа их урлагт “дурладаг” охин байсан. Миний багад дизайнер гэдэг
мэргэжил одоогийнх шиг ийм хөгжлийн түвшинд ярихаар түгээмэл байгаагүй. Манай
аав өөрөө архитектурч хүн л дээ. Намайг арван жилд байхад тухайн үеийн
Политехникийн дээд сургуульд багшилдаг байх үед нь оюутнуудтай хамт хичээлд нь
суун хар зураг зурдаг байсан. Хожмоо тэр нь загварын чиглэлээр явах үндсийг
маань тавьсан гэж хэлж болно. Мөн нэгэн нөлөөлсөн хүчин зүйл нь 90-ээд онд
мэргэжил нь биш хэрнээ оёж урлах сонирхолтой бүсгүйчүүд их байсны нэг нь манай
ээж байсан. Тэр нь надад нөлөөлсөн байх гэж боддог.
Бидний голчлон ярилцах сэдэв бол энэ
намар, өвлийн загварын чиг хандлагын талаар юм.
Энэ жилийн намар, өвлийн хувцсанд ямар өнгө “ноёрхож” байна вэ?
Загвар дотроо гоёлын, өдөр
тутмын, залуучуудын гээд олон төрөлд хуваагддаг. Сэрүүний улирал ирж байгаатай
холбогдуулан пальто, савхи, арьсан эдлэл ид моодонд орж эрэлт хэрэгтцээтэй
байдаг улирал ирж байна. Эмэгтэйчүүдийн хувьд сул чөлөөтэй, мөр нь унасан
гадуур хувцсаар гоёх нь энэ намрын өнгө төрхийг илтгэх болно. Мөн арьсыг бид
зөвхөн гадуур хувцсанд зориулагдсан, савхин куртка мэтээр төсөөлдөг. Энэ намар арьсан мөртлөө
гоёлын болоод өдөр тутмын плать, юбка ид түрэн орж ирж байна. Материалын хувьд
торлог материал мөн моодонд орж байна.Өнгөний хувьд байгалийн өнгө илүүтэй
давамгайлна. Түүнчлэн тод шар, хөх, ягаан зэрэг тод өнгүүд байгалийн өнгө болох
биений өнгө, амьтны өнгө, гялтгар эффэкттэй алтлаг өнгө болоод том том хээтэй
алаг эрээн өнгүүд ирж байна.
Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд шинэ
содон загвар орж ирж байгаа юу?
Ажил хэрэгч хослолын хувьд гэвэл пжань буюу зүйрлүүлж хэлбэл “унтлаганы
хувцас” шиг хээтэй хослолыг энэ намар сонгож болно. Хослол гэхээр л цулгуй,
бараан байдаг гэсэн хэв маягийг эвдэн хээтэй хослолууд шинэ загвар болон орж
ирж байгаа. Өвөрмөц этгээд өнгөтэй, ялангуяа амьтны брэнд гэж ярьдаг ирвэс,
тахь зэрэг өнгөнүүд хүйтний улиралд эргэн ирдэг талтай.
Хуучны загварын хэв маягуудаас ноёлж
байгаа тал бий юу?
60-аад оны хувцасны хэлбэр, фактур буюу хээ хуар, 50-аад оны эмэгтэйлэг
загвар зэргээр хуучны хэв маягууд “спираль” маягаар үргэлж шинэчлэгдэн эргэлдэж
байдаг. Гэхдээ хуучны гээд шууд загварыг нь аван хувцас болон өмсгөнө гэдэг
хэзээ ч сайхан харагдаж чадахгүй. Тиймээс хуучны загвараас санаа аван орчин үед
хөл нийлүүлэн хувцсаа урладаг.
Намар өвлийн гэлтгүй хувцас
сонголтон дээр өгөх таны зөвлөмж?
Орчин үед хувцас бол ямар ч ажил төрөл эрхэлж, албан тушаал хашдгаас үл хамааран
тэр хүнийг илэрхийлэх чухал хүчин зүйл, үзүүлэлтийн нэг болсон л доо. Ажил
мэргэжлээсээ шалтгаалан өөр өөр хэв загварын хувцсыг сонгох нь бий. Гэхдээ бүх
хүнд хамааралтай нэг дүрэм бол “Моодыг бүү сохроор дага” гэсэн дүрэм үйлчилдэг.
Манайхан хэт туйлшрамтгай юм шиг санагддаг юм. Нэг цүнх эсвэл нэг гутланд тэр
чигээрээ хошуурдаг. Гэтэл өөрийн албан тушаал, нас хүйстэйгээ харгалзуулах нь
зөв юм. Бүр цаашилбал биеийн галбир, үсний өнгө, арьсны өнгөндөө тохируулах
хэрэгтэй. Нүдний өнгө хүртэл сонгоход нөлөөлдөг гэвэл бүү гайхаарай. Өөрийн
давуу тал болсон хэсгээ тодотгож, сул талаа нуун далдлахаар алтан дундажийг
баримтлан сонгох нь хамгийн зөв сонголт байх болно гэж хэлмээр байна.
Энэ нь нийтлэг гаргаж байгаа алдаа ч
гэж ойлгож болох нь ээ?
Тийм ээ хүмүүс моод даган тохирохгүй хувцас өмсдөг. Бие галбиртаа зохимжгүй
хувцас сонгон өмсөх, өнгөний сонголтыг буруу ашиглан олон өнгө холих, мөн
насандаа баймгүй хувцаслах тохиолдол ч байдаг. Энэ нь хөгшин бол хөгшин хувцас
өмс гэсэн үг биш юм. Гэхдээ ёсзүйн талаасаа насаа тодотгон хувцаслах хэрэгтэй
гэж хэлмээр байна. Ер нь бол орчин үед хувцасны дүрэм гэж байхаа больсон. Юу
гэсэн үг вэ гэвэл охид, хүүхнүүд маань 20той ч бай 40тэй ч бай насны ялгаа
байхгүй болж байна. Ийм насны хүн тэгж хувцаслах ёстой, энэ өнгө тэр өнгөтэй
зохицохгүй гэсэн хууль дүрэм бага багаар алга болж байгаа өнөө үед хувь хүн
өөртөө ашигтайгаар эргүүлж, тохируулан хувцаслах мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Орчин үеийн залуусын гангараа,
нэрийн хуудас болсон брэнд хувцасны талаар таны бодол?
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг баталгаатай бөгөөд найдвартай, чанарлаг,
сонирхолтой эдээр хангаж олон танигдсан нь брэнд болж чадна гэж боддог. Тиймээс
байх ёстой, хэрэглэх ёстой соёлын нэг хэсэг гэж үздэг.
Брэнд гэснээс та өөрөө ямар брэнд,
ямар загварыг таалдаг вэ?
Зөвхөн тэр брэндээр хувцасладаг гээд хэлэхэд хэцүү юм. Би өөрөө дизайнер
хүн, энэ маань миний энгийн хүнээс ялгарах онцлог. Яг энэ брэнд гэж онцлоод энэ
брэндийн л эд зүйлсийг голчлон хэрэглэдэг гэж хэлж чадахгүй. Бид нар өөрсдөө
уран бүтээлч хүмүүс учраас зөвхөн өөрийнхөө урласан хувцсыг өмсөөд яваад байна
гэж бас байхгүй. Тийм болохоор аль болох даруу хэрнээ чамин загварт дуртай.
Гутланд бас их дурлана, Брэндийн хувьд Gucci д дуртай, Chanel ийн аксессуарт мөн дуртай.
Хувцас зохиохдоо ямар чиглэлийг
баримтлан урладаг вэ?
Гоёлын болоод өдөр тутмын чиглэлээр
загвараа зохиодог л доо. Сүүлийн үед өдөр тутмын чиглэлээр голчлон зохиодог
болоод байгаа. Гоёлын хувцсыг хүмүүс өдөр бүр хэрэглэх боломжгүй, тиймээс өдөр
тутмынх хэрнээ гоё байх боломжтой хувцсыг зохиож байна.
Монгол улсын хувьд хурдацтайгаар
хөгжиж байгаа салбар бол яахын аргагүй загварын ертөнц байгаа. Дэлхийн хөгжлийн
аль шатанд явна вэ?
Монгол улс маань өөрөө Евро болон Ази тивийн хооронд оршдог болохоор
загварын хувьд Европ ч биш Ази ч биш “алтан дундаж”-ийг баримтладаг. 1990-ээд
оны эхэн үеэс дизайн, фэйшн гэсэн ойлголт гарч ирж байсан. Тэгээд одоо бодохоор
богино хугацаанд өндөр хөгжиж чадсан гэж миний хувьд үнэлдэг. Монголчууд маань
ч гэсэн авъяаслаг, тэр бүр мэдэгдээд байдаггүй болохоос дэлхийн өнцөг булан
бүрт ажиллаж амьдарч, дасан зохицох чадвартай, эрч хүчтэй хүмүүс. Тэр ч
утгаараа манай Монголын дизайнерууд мэдрэмж сайтай, үнэлэгдэхүйц чадвартай байж
чаддаг.
Таны ойрын зорилт зорилгын талаар
сонирхвол?
Монголдоо үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх тал дээр санаа тавин ажиллах болно.
Манай сургууль ч мөн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх уриатайгаар үйл
ажиллагаагаа явуулдаг. Аливаа улс орон хөгжихийн тулд дотоодын үйлвэрлэлээ
хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлж,
дотоодын зах зээлийг өргөжүүлэн тэлж, дотоодын дизайнеруудаа таниулснаар
хэрэглэгчид тэдний загварыг таашаавал Монгол улс маань хөгжиж чадна гэж боддог.
Энэ тал дээр дизайнерууд маань ч их хичээн ажилладаг. Миний хувьд нээх айхтар
“Мадоннаг хувцаслана” ч гэдэг юм уу зорилт тавиад байдаггүй. Хамгийн гол нь
өөрсдийн бүтээсэн хувцсаа ард түмэндээ өмсгөж бахархуулна гэдэг бидний зорилго
биелэж байгаа хэрэг юм.
Загвар зохион бүтээгч хүний хувьд
бүсгүйчүүддэ хандан аминчлан захих зүйл бий юу?
Байлгүй яахав. Эмэгтэй хүн энэ хорвоогийн чимэг болдог шигээ эр хүний
дэргэд ч мөн чимэг болдог эрхэм хүмүүс. Тийм болохоор эмэгтэй хүн ямар ч
нөхцөлд биеэ сайхан авч яваасай гэж хүсдэг. Эрчүүдийн дэргэд гоё сайхан байвал
тэр хүн ч мөн эрч хүч, энергийг давхар мэдэрч байдаг. Гэр, ажил, ер нь хаана ч
байсан биеэ сайхан авч явж өөртөө анхаарал тавьж байгаарай гэж хэлмээр байна.
Гэртээ гэхээрээ л навсайсан хувцастай байж, их ажилтай гээд өөрийгөө гаргуунд
нь хаях, амжсангүй гээд арга хэмжээнд тааруухан бэлтгэлтэй ирэх зэргээс
зайлсхийж амьдралын ямар ч нөхцөлд хатан зоригтой, хугарашгүй тэвчээртэй, биеэ
хамгийн сайхан авч яваасай гэж хүсдэг дээ.
Өрсөлдөөний талбар болсон загварын
ертөнцийг та өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
Миний хувьд төгсгөл гэж үгүй үргэлж ундрах эрч хүч дүүрэн баялаг гэж хэлнэ.
Зүйрлэж хэлбэл үргэлж гэнэтийн, сюрприз үйл явдлаар дүүрэн “маскарад” шоу ч гэж
хэлж болно. Шинэлэг хэрнээ баялаг, хэзээ дуусахгүй тэмдэглэлт баяр юм шиг
сэтгэгдлийг төрүүлдэг. Ажиллаж байгаа орчин болоод уулзаж байгаа хүмүүс нь
хүртэл сонирхолтой, урлагийн хүмүүстэй хамтарч ажилладаг болохоор байнгын баяр
болж байгаа юм шиг мэдрэмжийг би мэргэжлээсээ мэдэрч ажилладаг. Бүтээсэн
загварын шоугаа ч гэсэн бид баяр ёслолын хэмжээнд хүртэл зохион байгуулдгаараа
давуу талтай.
Таны хувьд хобби тань мэргэжил
болсон гэж хэлж болох нь ээ?
Тэгэлгүй яахав, миний хобби мэргэжлийг маань чиглүүлж өгсөн болохоор аль
алинаас нь эрч хүч, энерги, сайхан зүйлийг мэдэрч чаддаг. Тэгээд л хобби болсон
мэргэжил, мэргэжил болсон хобби гэх юм уу, тэр утгаараа мэргэжилтэйгээ
холбогдсон ном, сонин сэтгүүл уншиж кайф авдаг. Тэгэхээр бас хобби ч юм шиг.(инээв)
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
Байгальд гарч, цэвэр агаараар эрч хүчээ сэлбэн амрах дуртай. Мэргэжил маань
үргэлж эрч хүчтэй, цоглог байхыг шаарддаг учраас би гуниглах эрх байхгүй. Бас
нэгэн сонирхолтой хобби нь морь унах дуртай.
Та товчоор хэлбэл өнгө загварын
нэгдлийг урладаг хүн. Ямар өнгөнд дуртай вэ?
Зөөлөн, завсрын өнгөнүүдэд дуртай.
Саарал эсвэл шаргал ч гэдэг юм уу, мөн хар өнгөнд дуртай.
Хувцасны дизайны чиглэлээр сурч
байгаа болон сонирхогч хүмүүст хандан юу гэж хэлэх вэ?
Уран бүтээлч болох төрөлх авъас болон мэдрэмжийг багаас нь мэдэж аван
хөгжүүлэх нь зүйтэй. Эцэг эхчүүд ч мөн анхааран ажиглаж байх нь зүйтэй юм.
Тэгээд дээрээс нь их юм үзэж, харж, судлаж, сурч байх хэрэгтэй. Үзэж таньж
мэдэхгүйгээр тэднээс хэзээ ч илүүг хийж чадахгүй. Түүнээс бус зүв зүгээр сууж,
мэдрэмжиндээ тулгуурлан хийнэ гэж байхгүй. Бурхнаас заяасан төрөлх авъяас,
мэдрэмжээ үхэн үхтлээ хүчин чармайлт гарган, тасралтгүйгээр хөгжүүлэхэд
анхаарах хэрэгтэй. Тэгж чадвал чи
бусдаас ялгарч чадах бүтээлийг амьдруулж чадна.
Ярилцсан И.Сувд
2012.10 сар
No comments:
Post a Comment