Эрхэм та энэ бүсгүйг элэг хөшим
хошин үзүүлбэр, сонирхолтой содон яриатай “Их хотын үдэш” нэвтрүүлгээр гэрт
тань зочилдог учир андахгүй мэдэх биз. Сүүлийн үед “Би хайртай” хэмээх онц
сонирхолтой дэлгэцийн бүтээлээр тантай золгох болсон Маск продакшны жүжигчин
А.Гэрэлцэцэг. Зочны хойморт заларсан түүний хөгжилтэй яриа таны сонирхлыг
эрхгүй татна гэдэг итгэлтэй байна.
А.Гэрэлцэцэг: “Хайрлахынхаа хэрээр хүндлэх нь хэзээ ч нуршгүй бат бөх
цайз мэт хайрыг цогцлоодог”
Сайн байна уу? Юуны өмнө манай
урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчид маань таныг авъяаслаг жүжигчин,
хөтлөгч, сайхан бүсгүй зэргээр төсөөлдөг нь дамжиггүй. Тэгвэл амьдрал дээр
Гэрэлээ чухам хэн
юм бол гэсэн асуултаар яриагаа эхлэе гэж бодлоо.
Баярлалаа, Хонгорзул
сэтгүүлийнхээ нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Магадгүй үзэгчид намайг
бүтээсэн дүрүүдээр маань төсөөлдөг байх. Янзын янзын дүрд хувирна,инээлгэнэ уйлуулна гэдэг амаргүй. Оюутан байхад МУГЖ Л.Лхасүрэн
багш маань “Хүн үхэн үхтлээ өөрийгөө судалж, мэдэж чаддаггүй юм” гэж хэлдэг
байсан юм. Тэр үед учрыг нь олохгүй будилж өөрийгөө таньж мэдэхгүй өдий хүртэл
амьдарна гэсэн чинь юу гэсэн үг вэ гэж гайхдаг байлаа. Тэгсэн одоо ингээд амьдрал
дээр гарч, хорвоотой улам илүүтэй танилцахад 100 хувь бүрэн дүүрэн өөрийгөө
таньж мэдээгүй л явна. Гэхдээ гэр бүл, ойр дотныхон маань бол иймэрхүү хүн дээ
гэдгийг тодорхойлоод хэлчихнэ байх. Амьдрал дээр Гэрэлээ гэдэг хүн эгэл жирийн,
энгийн даруу хүн л гэж хэлмээр байна.
Тайзан дээрх гал цогтой бүсгүй, амьдрал дээр даруу төлөв эмэгтэй.
Багадаа ямаршуу хүүхэд байв гэдэг уншигчдад маань сонин байгаа байх.
Би гурван хүү, хоёр охинтой айлын
хоёр дах охин нь. Бага байхын л урлаг соёл гээд гэртээ хонож өнжихгүй шахам
гүйдэг охин байсан. Дуу бүжиг, урлаг соёлыг өөрөө дагаж гүйсэн мэтээр л арван
жилээ төгссөн. Тэгээд л жүжигчин мэргэжлийг амьдралынхаа замнал болгоод одоог
хүртэл ажиллаж амьдарч байна.
Жүжигчин мэргэжлийг сонгосон нь
таны багын мөрөөдөл байв уу? Эсвэл...
Бусдын адил багаасаа хүсч мөрөөдсөн
юм байхгүй л дээ. Сургуулиа төгсөх ойртоод л, би бодсон юм. За байз ямар их
сургуульд ордог билээ, ямар хичээлдээ сайн билээ гээд л эргэцүүлэхэд дунд
гарсан хичээл байдаггүй, онц авсан хичээл ч олддоггүй. Сайн гарвал л болоо гэж
боддог байсан юм шиг байгаа юм.(инээв) Тэр үед урлагийн
үзлэг бэлдүүлж байсан хүүхэд чи ер нь СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгвөл
яасан юм бэ гэсэн санал тавьж байсан. Нээрээ ч тэгдэг юм бил үү гээд орсон нь
одоо бодохнээ өвөрмөц тохиол юм шиг санагддаг.
Яагаад заавал хошин урлагт хүчин зүтгэх болов? Хүнийг инээлгэнэ гэдэг
тийм ч амаргүй...
Их сургуульд байхад зохиогддог
байсан тэмцээн уралдаанд байнга оролцож түүнийгээ дагаад хүмүүсийн нүдэнд
нилээдгүй өртөх болсон. Тэр ч утгаараа энэ салбарт ажиллах болсон түүхтэй.
Тэмцээний үеэр нүдэнд нь өртсөн хүн нь одоогийн “Шинэ үе” продакшны захирал
Ариунболд буюу Бооёо ах л даа. Анх энэ продакшнаас ажлын гараагаа эхэлснийг
хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Тэгээд ч Монголын маань хувьд театр гэдэг
ганцхан. Жилд олон хүүхэд жүжигчний мэргэжлээр төгсч байна. Ажлын байрын
хангамж гэдэг хүндхэн асуудлын нэг шүү дээ. Одоогоор хошин урлагийн салбарт 100
гаруй шижигнэсэн залуус ажиллаж байна. Энэ олон залуусыг ажлын байраар хангана
гэдэг мундаг.
Гэхдээ телевиз рүү нэг хэсэг “урвачихсан”?
Гэрэлээ хөтлөгч болох гээд продакшныхаа жүжигчдийг доголон нулимстай үлдээгээд хаяад явсан гэх зэргээр
нилээдгүй шуугиж, “урвачихлаа” гэж байсан.(инээв) Манай продакшн “25-р суваг телевиз”-тэй хамтран ажилладаг гэрээний дагуу
тус нэвтрүүлгийг хөтлөдөг гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
Сэдвээсээ жаахан хазайя. Гэрэлээг сүүлийн үед “Би хайртай” киноноос
ханиа оллоо, хадамд гарах нь зэргээр шуугих болж. Магадгүй хоосон “бор шувуу”
биш байх?
Харин мэдэхгүй, манай нэг найз
гадаадаас ирээд “Хүүе чи чинь хуримаа
хийх гэж байгаа юм байна ш дээ, намайг урихгүй яасан муухай юм” гээд
гомдоллоход нь бүр гайхаад “Юу яриад байгаа юм бэ, хэн тэгээд яриад байна” гэж
лавлахад гадуур тэгж бичээд байгааг олж мэдсэн. Кинотой холбон ташаа ойлгосон
юм болов уу.
Найз залуутай юу?
Байгаа. Найз залуутай
Хайртай хүнийхээ ямар зан чанарт нь
татагдав аа?
Маш ухаалаг гэж хэлмээр байна. Хүмүүс ухаалаг гээд л амны уншлага мэт
ярьдаг боловч яг амьдрал дээр ухаалаг байдал нь үйлдлээрээ харагдахад үнэхээр
эмэгтэй хүнийг уярааж хайлуулах шидтэй байдаг юм байна.
Таны бодож, мөрөөдөж явсан “төсөөллийн ханхүү” бодит амьдрал дээр
биеллээ олсон гэж ойлгож болох уу?
Найз залуугаа хааяа “Миний цагаан морьтой ханхүү” гэж дуудах дуртай. Тэгж
хэлэхээр л урлагийнхан их романтик хүмүүс шүү, ер нь “цагаан морьтой ханхүү”
гэж юу байсан юм гээд л ичингүйрнэ. Тэгэхээр
нь “Үгүй ээ, чи миний цагаан морьтой баатар” гэдэг юм. Ингээд бодохоор мөн юм
шиг ээ.(инээв)
Сэтгэл зүрхийг тань догдлуулаад буй хайр гэдэг таныхаар юу вэ?
Хайр гэдэг дөрөвхөн үсгэнд багтдаг хэрнээ ямар том, агуу юм бэ гэдгийг
ойлгож ухаарч байгаа. Ямар ч өнцгөөс, уйлж инээж, уурлаж гуниглаж яаж ч ярьсан
хэзээ ч дуусашгүй хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Нас насны онцлогоос шалтгаалан
хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Харин би өөрийнхөө зүгээс хайрыг тархинд
байдаггүй, зүрхэнд хамааралтай, хэнд юунд ч үл захирагдах бас нэгэн “зүрх” гэж
тодорхойлдог доо.
Тэгвэл хайр сэтгэлээ бат хэвээр нь хадгалахад эмэгтэй хүнээс нэн түрүүнд
юу шаардагдах вэ?
Олон зүйл шалтгаалах байх л даа. Гэхдээ юун түрүүнд хүндлэл байх хэрэгтэй
гэж би хувьдаа боддог. Хайртай юу хайртай гэчихээд л “хуц, солиор” гээд элдвээр
харааж зүхэн нөгөө “цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдгээр
хүндлэл байхгүй бол мянга хайр байгаад нэмэргүй байх гэж бодож байна.
Хайрлахынхаа хэрээр хүндлэх нь хэзээ ч нуршгүй бат бөх цайз мэт хайрыг цогцлоодог.
Эмэгтэй хүн болгонд өөрт нь итгэл өгдөг зүйл байдаг. Өөртөө итгэх
итгэлийг хаанаас олж авдаг вэ?
Болж өгвөл би итгэлийг урсан өнгөрч буй цаг мөч, минут бүрээс авахыг
эрмэлздэг. Инээд цалгиулан баярлаж байгаа хүнээс, сайн сайхан зүйлийг дурсч буй
ярианаас гээд л ер нь хором мөч бүрээс өөртөө итгэх итгэлийг авч өнгөрөөх юмсан
гэж боддог доо.
Хөөх, би үүнийг яаж хийж чадав аа гэж өөрийгөө гайхсан үйлдэл гэвэл?
Байлгүй яахав. Хүний өнгөрч одсон бүхий л амьдрал нь ийм мэдрэмжийг
төрүүлдэг байх. Үүнийг би мэргэжлээрээ ажилласан он жилүүдийг гэж хэлэх байна.
Учир нь энэ хооронд хатуу хөтүү, эмэгтэй хүн туулж гарахад бэрх, ер нь больдог
ч юм уу гэж бодогдохоор он цагууд байсан уу гэвэл байсан. Он солигдох мөчид
бүтэн нэг жилийн үйл явдлыг эргэцүүлэхэд яг ийм мэдрэмжийг авдаг.
Хэрвээ Гэрэлээ жүжигчин болоогүй бол?
За ёстой мэдэхгүй юм байна шүү, Магадгүй тэр үеийн нийгмээсээ шалтгаалах
байсан байх. Нэг хэсэг чинь л эмч, хуульч, нягтлан бодогч гээд л нилээн
хошуурдаг үе байсан. Гэхдээ миний бодлоор жишээлбэл урлагийн хүн болох ёстой
бол тэр хүн цаанаасаа л тийн төрдөг гэдэгт ер нь итгэдэг хүн шүү дээ. Урлагийн
хүн болох ёстой болохоор л болсон байх гэж боддог.
Таны амжилттай амьдралын зарчим?
Миний өөрийн баримталж явдаг зарчим гэвэл “Санаа сайн бол заяа сайн” гэдэг
үгэнд бат итгэдэг хүн. Яагаад гэвэл хүн өнөөдөр хажуугаар өнгөрсөн хүнээ
гаднаас хөгийн амьтан гэж дүгнэх биш, арай өөр зөв харцтай өнцгөөс дүгнэн сайн
сайхан бодол тээн явах нь өөрийнх нь амьдралын харгуйг гэрэлтүүлж байна гэж
боддог. Тиймээс найз бүсгүйчүүлтэйгээ ярьж суухдаа хүртэл “Санаа сайн байх нь зөв шүү”, манай ардын зүйр үгс оргүй биш
ортой байдаг юм шүү гээд л ярих нь элбэг. Энэ л бүх амьдралын үндэс нь гэж
боддог. Магадгүй хэдэн жилийн дараа хорвоог өөрөөр харахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүн
зовж зүдрэх үедээ л бурхан байдаг, гэр бүл найз нөхдөө байдгийг санах биш, сайн
яваагийнхаа хэрээр л гэр бүл, найз нөхөд, хамт олондоо үргэлж талархаж баярлаж
явбал зүйтэй юм шиг санагддаг.
Найз бүсгүйчүүл гэснээс Гэрэлээ хэр олон найзтай вэ?
Хүн хүнээсээ шалтгаалаад өөр юм шигээ. Зарим нь олон хүнтэй найзлаад явдаг авъяастай
хүн байхад, нөгөө нэг нь ганцхан найзтай гэдэг ч юм уу. Миний хувьд найзууд
олонтой. Гэхдээ хүн болгонтой найзууд гээд чин сэтгэлээ уудлаад байдаггүй.
Найзуудынхаа ямар зан чанарыг үнэлдэг вэ?
Мэдээж өөр өөр хүмүүс учир өөр өөр ертөнцтэй. Энэ найз маань ийм, тэр найз
маань ийм гээд хэлчихэж болохгүй юм. Гэхдээ нийтлэг зан чанарын хувьд их зан
байхгүй, энгийн байгаагаараа хүмүүс байдаг. Их зантай гэдгээр хүнийг ялгаж дорд үзэж ханддаггүй гэж хэлэх
гэсэн юм л даа.
Хэрвээ таныг сураггүй алга болчихвол хаанаас олох бол?
Харин найзууд маань олохгүй байна лээ гэж уурласан ш дээ.(инээв) “Хүүе ээ чи чинь хэд хоног утсаа салгаад хаашаа алга болчихдог юм бэ”,
“гадаад, дотоод явчихсан юм уу гэж бодлоо” гээд л гомдоллоно. За яг эндээс олно
доо гэж хэлэхэд бас хэцүүхэн юм даа.
Хоёулаа ажил амьдрал, хайр сэтгэл, нөхөрлөл гээд нилээдгүй сэдвээр
ярилцлаа. Хувийн чанартай асуулт асууя. Урлагийн хүн учир гоо сайхандаа хэрхэн
анхаардаг вэ?
Эмэгтэй хүн 25 нас хүртлээ ямар ч сайхан юм хэрэглээгүй байсан, цаанаасаа
гэрэлтэж сайхнаараа л байдаг. Харин тэр наснаас хойш арчилж тордох нь зүй ёсны
хэрэг. Өө тэгээд олны жишигтэй адилхан, ядарсан үедээ массажинд орж иллэг
хийлгүүлж, үсчинд очин үсээ янзлуулж анхаардаг даа. Үс сайхан бол зүс сайхан
гэсэн үгтэй яалт ч гүй санал нийлдэг. Эмэгтэй хүн дотроосоо хүртэл гэрэлтэж
чаддаг болохоор бурхан гоё бай гэж төрүүлсөн байх.
Уурлаж бухимдсан, зугатмаар санагдах
үед тайвшралыг хэрхэн олдог вэ?
Тайвшралыг уу? Мммм...Сайхан кино үзэх дуртай эсвэл буудлагын газар очиж
хэд буудах дуртай. Энэ хоёр л юм уу даа. Зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө зураг,
урлагийн мэдрэмжээр гаргах нь элбэг байдаг. Харин миний хувьд бол яалт ч гүй
хар багаасаа мөрөөдөж, одоо хэр нь сэтгэлд тодхон багтдаг зүйл бол төгөлдөр
хуур дарах. Үнэхээр гайхамшигтай, ард нь сууж ая тоглох юмсан гэсэн чин
хүсэлтэй. Даанч өдөр бүр давтан ард нь суух аз завшаан олдохгүй л байна.
Арван жилийн дараах амьдралыг бас
өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ?
Бүх амьдрал минь сайхан жигдэрсэн байх болов уу. Үр хүүхэдтэй болоод эрүүл
саруул өсгөж бойжуулсан, мөн улс эх орон минь хөгжөөд ядаж л утаагүй байгаасай
гэж боддог.(инээв) За тэгээд хүний амьдрал юм хойно эрхэлдэг ажлаа хийгээд
амьдралын зөв гольдролдоо орчихсон байна байх. Хүн болж төрснийх хэдэн ч
нас хүрсэн өнгөрсөн рүүгээ өнгийн
харамсахыг хүсдэггүй.
Хүн болгон математикч болох албагүй.
Харин аав ээж болцгоодог жамтай. Гэр бүл төлөвлөлтийн хувьд?
Дээр үед агаар ус сайхан, идэж хэрэглэх хүнс нь ч эрүүл байж. Ээжийн
ярьснаар 23 настай байхдаа таван хүүхэд гаргачихсан гэсэн ухаан алдаж унамаар
зүйл ярьсан.(инээв) Одоо бол цаг үеэсээ хамаараад болж өгвөл гурван
хүүхэдтэй болох юмсан гэж боддог ш дээ.
Бүсгүй хүний үнэ цэнэ, үзэсгэлэн
гоогийн талаарх таны бодол?
Эмэгтэй хүн угаасаа л энэ дэлхийг үргэлжлүүлэх хувьтай, бурхнаас авсан асар
том үүрэг даалгавартай төрсөн гэж боддог. Тийм ч учраас эмэгтэй хүнд ямар нэг
байдлаар гоо үзэсгэлэнг давуу заяасан байдаг. Эмэгтэй хүний ямар нэгэн юм нь л гайхамшигтай байдаг. Нэгнийх нь хөл, гар,
эсвэл нүд нь ч сайхан байдаг юм уу. Тэр дундаа сэтгэлийн сайхнаар гэрэлтэж буй
бүсгүй нөгөө алдартай дэлхийн миссээс ч хайр татам, хайрлаад баршгүй
үзэсгэлэнтэй байж чаддаг.
Бидний яриа өндөрлөх дөхөж байна.
Сүүлийн асуултыг танд үлдээе.
Амьдрал сайхан хайр дээр тогтдогийг хүн бүр мэддэг. Тиймээс хайртай гээд
цээжээ дэлдэх бус нэг нэгнээ хүндлэж хайрлаарай гэж гэгээн хайрын сэтгүүл
Хонгорзулын уншигчдадаа хэлмээр байна. Сэтгүүлийнхээ өргөө хойморт залсан
явдалд танай хамт олонд баярласнаа мөн уламжлая.
Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд
амжилт бүтээлийн дээдийг уншигчдынхаа өмнөөс ерөөе.
Ярилцсан И.Сувд
2012.7 сар
No comments:
Post a Comment