Яг
одоо миний өмнө дэлхийн
загварын томоохон шоу болох "Berlin Fashion Week"-т 200 гаруй загвар өмсөгчдийг ардаа орхин цор
ганц Ази моделиор сонгогдож, Германы шилдэг долоон дизайнеруудын нэг Аня Гооклын хуримын даашинзыг амилуулж чадсан загвар өмсөгч С.Төгс
сууж байна. Гайхалтай нь тэр бие давхар. Тийм ээ, та буруу сонсоогүй. Бүр тун
удахгүй амаржих гэж байгаа гээч. Тэр тун энхрий, ялдам харагдаж байна. Бид яг л
найзууд шиг санаа нийлэн хөхрөлдөн сууна....
Гэртээ хариад ярилцлагынхаа оршлыг ингэж
бичнэ дээ хэмээн дотроо зураглаж суусан миний төсөөллийг нэгэн гайхамшиг эвдэв.
Юу гээч, түүний “сахиусан тэнгэр” бидний
ярилцлагаас хэдхэн цагийн дараа мэндэлснийг сонсоод би үнэхээр алмайрсан....
“Гар барин танилцаад үзээч”...Эрс шийдэмгий хурц
төрхт Төгс танд анхил гар танхил аалиараа мэндчилж байна. Энэ бол Төгс.
С.Төгс:
“Би муу залуу ш дээ” гэж тэр минь хэлсэн
Та
хоёрын хайрын түүх яаж эхэлсэн юм бэ?
Биднийг холбосон газар мэдээж “Монгол модель” агентлаг л даа. Өмнө нь
“Ээгий гэж нэг ийм залуу байдаг даа” гэж мэдэхээс нээх сайн танихгүй шахуу
байдаг байлаа. Гэвч нэг л өдрөөс бид бие биенээ өөр нүдээр харж, нилээн хэд
уулздаг болсон үе. Юу гэх гээд байна вэ гэвэл “Би муу залуу ш дээ” гэж тэр минь хэлсэн ч би эргэлзэлгүй “Яагаад
болохгүй гэж, би чамд сууя гэж хэлсэн юм уу, хоёулаа үерхээд л үзье” гэсэн минь
ямар хол явсныг хараач ээ. Харин гэрлэх саналыг би биш Ээгий тавьсан шүү!
Хөөх
мэдээж гэнэтийн байсан гэхэд мөрийцсөн ч бэлэн байна?
Тийм шүү, мөрийгөө алдчихав аа.(инээв) Бид хоёр Солонгос руу
нисэх гээд онгоцондоо суусан байсан юм. Онгоцонд л болсон хойно яаж олигтой
байхав. Дотор муухайрч, толгой маналзах яг тэр мөч...Хайрт руугаа харахад өмнө минь
бөгж гарган “Минийх болооч” гэж хэлсэн юм. Үнэхээр дахин хэлье. Бурхан минь
“Минийх болооч” гэж хэлсэн тэр мөчийг би хэзээ ч мартахгүй.
Хэр
удаан үерхэж байж саналыг нь хүлээж авав?
Бид хоёр чинь үерхээд яг гурван жил
болж байна. Чамгүй хугацаа шүү.
Арван
сар загварын тайзнаас хол шахуу байлаа. “Өндөр өсгийт” өмсөөд алхах хүсэл
нилээдгүй төрж байсан байх даа.
Яг оноод асуулаа. Би өөрийгөө хэзээ ч өндөр өсгийтгүйгээр төсөөлж
байгаагүй. Үс, хумсандаа будаг хүргэхгүй, өндөр өсгийт дээр гунхаж алхахгүй
байна гэдэг миний хувьд амаргүй даваа гэж бодож байсан ч эмэгтэй хүн л болсон
хойно чаддаг юм байна лээ. Үнэхээр чадсан шүү! Өөрийнхөө төлөө бус өөр нэгэн сахиусан тэнгэрийн
төлөө гэж бодохоор арга ч үгүй шүү дээ.
“Сахиусан
тэнгэрээ” хэвлийд нь ирсэн гэдгийг мэдэх тэр мөчийг яаж хүлээж авсан бэ? Үсрээд
дэвхцсэн байх даа.
Үгүй ш дээ. Их тайван хүлээж авсан (инээв)
Үгүй
байлгүй дээ, төсөөлөгдөхгүй байна?
Нээрээ. Үнэнийг хэлэхэд би бүр дотроосоо мэдрээд байсан. Хүүхдийн
зураг өхөөрдмөөр харагдаад л, дотроосоо л хайр хүрч, хайлаад л...Эмэгтэй хүн
цаанаасаа л мэдэрдэг юм шиг байгаа юм. Гэхдээ хүн бүр өөр байх л даа. Бие нэг л
өөр байгааг мэдэрч, тест авч үзэх шаардлагатай юм байна даа гэж бодоод аваад хартал....Гайхаагүй
ээ, “Тийм ээ тийм, ийм ч байх гэж бодсон юм” гэж их тайвнаар
хүлээж авсан.
Тэгвэл
Ээгийг цочролд оруулсан гэдэгт итгэлтэй байна?
Ээгий ч бараг гадарласан байсан юм шиг байна
лээ. Гэхдээ би ерөөсөө тэгнэ гэж бодоогүй. “00 ороод бүтэн цаг алга болсон”.
Гарч ирэхдээ нээх сонин царайтай гарч ирснээ надаас түрүүлж гэнэт баярлаад ээж,
найзууд, бараг бүх мэддэг хүмүүс рүүгээ залгаж хэлээд сүйд болсон. Сүүлд нь
бодоход баярласандаа Ээгийгийн зүрх нь 0,1 минут зогссон байх.(инээв)
Ээгий
аав болохдоо хэр бэлдэж байх шиг байна?
Өө надаас илүү бэлтгэлтэй байгаа. Сэтгэл санааны хувьд аль хэдийн аав
болоод охиноо тэвэрчихсэн байгаа хүн шүү дээ. Харин надад л төсөөлөгдөхгүй
байгаа юм даа. Би чинь ер нь ээж төрлийн хүн биш ш дээ. Ээгий байгаагүй бол үс,
хумсандаа будаг хүргэхгүйн “зовлонг” ч тэсч гарахгүй байсан байх. Тэр минь миний хажууд байсан болохоор
л их “дуулгавартай” байсан гэж бодож байна...
Хөөх,
нээрээ л ”дуулгавартай” ээж болж чаджээ?
Тийм шүү, Хайртынхаа тавьсан “хориг”-ийг тэвчиж охиныхоо
төлөө бүгдийг биелүүлсэн. Ээгий ч намайг жирэмсэн болсноос хойш тамхи татахаа
больсон. Манай хүн ямарваа нэгэн нөлөөнд автагдан өөрчлөгдөх хүн биш л дээ.
Гэтэл охиныхоо төлөө бид бие биендээ “даруулга” болж чадсан.
Амаржсныхаа
дараа хийхийг хүсч буй зүйл байна уу? Хорхойг чинь хүргэж байгааг мэдэх ч
загварыг тооцохгүй шүү.
Хөөх загварыг тооцохгүй гэхээр... Хоёулаа
байсан бид бүл нэмж гурвуулаа болон халуун ам бүлээрээ байх тэр шив шинэ
мэдрэмжийг авахыг хүсч байна. Өөр бас нэг нь гэвэл биеэ чангалах зорилгоор
боксоор хичээллэнэ гэж бодож байгаа.
Үнэндээ Төгсийг эрч хүчтэй, эрэмгий дайчин
загварын дүр төрхөөр танихаас биш ийм энхрий зөөлөн гэж огт бодоогүй ээ?
Надтай уулзсан хүмүүс бараг бүгд
л тэгж хэлдэг. Энэ нь надаас хурц
шийдэмгий, авангард, хай-фэйшн, секси дүр шаардсан “захиалагчдаас” гадна түүнд
нь зориулж гаргаж байгаа миний жүжиглэлттэй холбоотой гэж боддог. Түүнээс биш
надаас тийм энхрий дүр төрх шаарддаг зурагчин, дизайнер байхгүй. Худал хэлсэн
хүнд анхны өөрийгөө эвдсэн зураг нь танай сэтгүүлд охинтойгоо авахуулсан зураг
гэж бодож байна. Ийм боломж олдсонд нь ч их олзуурхаж байгаа. Монголчууд намайг
хүйтэн царайтай гэлцдэг. Гэхдээ нүдэнд дулаахан төрхтэй байсан бол би
өнөөдрийн амжилтанд хүсээд ч хүрэхгүй байх байсан.
Багаасаа
л ийм зөөлөн хүүхэд байсан уу?
Би багадаа Германд өссөн л дөө. Уг нь ээжийн ярьдгаар их л “галзуу” охин байсан гэж ярьдаг юм. Тэгээд
Монголд ирээд хэл сайн мэдэхгүйгээс жаахан бүрэг ичимхий
болоод...Зургадугаар анги хүртлээ аялгатай ярьдаг байсан юм байна. Ахлах
ангиасаа нээлттэй, чөлөөтэй болж, мөн “Төгс эргэн ирсэн” гэхэд болно.
Аан
ойлголоо, чиний дотор нуугддаг тэр “галзуу” охин загварын тайзнаа илрэн гардаг
байх нь ээ?
Тийм ээ, тэгж хэлж болно.(инээв)
Ээгий
чиний бодож төсөөлж явсан “ханхүү” мөн үү?
Тийм ээ, би үүнд 100 хувь итгэлтэй “мөн” гэж хариулна. Миний хувьд нээх
айхтар соёлтой, үйлдэл бүр нь уучлаарай гэдэг залуучуудаас үнэнийг хэлэхэд
“харшилтай”. Нэгдүгээрт тавьсан шалгуур маань надаас өндөр залуутай гэрлэнэ гэж
бодож байсан, тэр минь биелсэн.
Хоёрдугаарт хүүхэн шиг царайтай, том нүдтэй, сүмбэн цагаан хуруу гартай
байхад ч би дургүй. Ажил хийвэл хийсэн шиг хийдэг зоригтой энэ амьдралаас хайж
явсан хүн минь миний хань яг мөн.
Дотоод
сэтгэлийн хувьд юу нь тэгтлээ татав?
Намайг найз шиг минь мэдэрдэгт байгаа байх. Бас хэтэрхий сайн ойлгож,
халамжилдаг учраас бидний хувьд үл ойлголцол барагтай гардаггүй. Нэг ийм үг байдаг. ”Хол зай өнгөц хайрыг
унтрааж, жинхэнэ хайрыг асаадаг” гэдэг шиг бидэнд яг тийм зүйл тохиолдсон юм.
Намайг нэг жил Берлин яваад ирэхэд л дотоод сэтгэлийн хувьд ч бид энэ хорвоод
нэг нэгнээ олох тавилантайг ойлгосон. Дунд байсан үл ойлголцол арилж,
өчигдөрхөн уулзсан мэт тийм дотно, тийм шинэхэн мэдрэмж...Одоо тэгээд хамт
амьдраад улам л их хайр минь ундарч, нэг хүн шиг болжээ.
Хамт
амьдрахын сул болон давуу тал нь юу гэж бодож байна?
Бид хоёр сүүлийн нэг жил Солонгост байх хугацаандаа хамт амьдарч байна.
Үерхэж байх хугацаандаа бие биенээ гарын таван хуруу шигээ мэддэг болсон байх
гэсэн, үнэндээ үгүй л байсан юм билээ. Хамт амьдраад ирэхээр хоёр өөр орчинд
өссөн хүмүүс жижиг сажиг зөрчилдөх зүйл гаралгүй л яахав. Гэхдээ бидний хувьд
маргаан гэхээсээ илүү сайхан мөчүүд дэндүү олон болохоор хамт амьдрахад болох
юм байна гэж шийдсэн байх.
Хүндрэлтэй
зүйл гарч байв уу?
Мм байсан юм байна аа. Чаддаггүй
зүйлээ гэнэт хийхээр чадахгүй байгаадаа бухимдах үе багагүй гарч байсан. Миний хувьд гэрийн ажилдаа сайн биш л дээ.
Хоол хийхдээ ч муу байсан бол хамт амьдрахын эрхэнд, хайртай хүн маань өлсөхийн
эрхэнд түүнийхээ ходоодыг татах хоолыг хийж сурсаан. хэхэ Харин харилцааны
хувьд харин ч улам төгс болж ирсэн шүү.
Бие
биенээ нэг хүн шиг мэдэрч, ойлголцоход
чухам юун дээр анхаарах ёстой юм бол оо?
Зарим хосуудын хувьд гомдсон гомдлоо хурааж, дотроо хадгалж бишүүрхэх үе
байдаг. Харин тэр байдлаа ярилцаж даваад найзууд шиг хамт хөхрөлдөн инээлдэхээс
гадна, ойр дотныхон найзуудтай нь ч мөн ойлголцож чадвал жинхэнэ нууж хаах
зүйлгүй ойлголцол болно гэж бодож байна. Түүнээс биш таалахгүй байгаа зүйлээ
хэлэлгүй нууж, найзууд нь таалагдахгүй бол зайгаа барьж дөлж хайрлалцана гэдэг
сэв суулгахаас цаашгүй. Хэдий хүртэл хамт байна гэж тэгж нууж хаах вэдээ, хэлж ойлголцох л хэрэгтэй.
Ээгийг
өхөөрдөж дуудахдаа юу гэж дууддаг вэ?
Үүнийг хэлж болох үгүйг мэдэхгүй юм
аа. Гэхдээ дэндүү эгдүүтэй байдаг болохоор тэсэхгүй нь ээ. Юм идэхээрээ яг
“Күнфү Панда”-гийн Пөүтэй адилхан болчихдог.
Уруул нь жижигхэн болоод хоёр хацар нь дүүрээд л адилхан болчихоор нь
“Ниэээ хөөрхөн ш дээ, Миний Пөү гэж дууддаг”.
Харин
“Пөү” чамайг юу гэж дууддаг вэ?
Намайг болохоор “Миний Сэрэвгэр” гэж дууддаг. Нүүрнийхээ будгийг
арилгахаар нүд чинь жижиг, яг жаахан охин шиг болчихлоо гээд л тэгж дууддаг
гэсэн хэхэ.
Өөрийнхөө
бурууг хүлээж чаддаг уу, хэн нь түрүүлж уучлалт гуйдаг вэ?
Ерөнхийдөө Ээгий уучлалт гуйдаг л
даа. Гэхдээ миний буруу бол би уучлалт гуйх нь мэдээж ч ер нь бол Ээгий л гуйна
аа. Ялангуяа бие давхар болсон би юу гэж мөчөөгөө өгөхөв. Буулт хийх дургүй
бардам талдаа. Цаашдаа юу болохыг мэдэхгүй л байна. Миний охин надад тэр “давуу
эрх”-ийг бас өгсөн.
Та
хоёрын хувьд сэтгэлд хоногшсон газрыг хэлээч. Ямар дурсамжтай холбоотой вэ?
Ээгийгийнх 1-р хороололд байдаг.
Бодоод байх нь ээ бид хоёрын хувьд Ээгийгийн гэр л их дурсамжийг үлдээсэн юм
байна. Байнга л хамт байж байдаг, найзууд нь ирж хамт бужигнацгаагаад л.
Найзууд нь бүр гэрийг нь бидний цуглах “оффис” гээд нэрлэчихсэн, их хөгжилтэй
байдаг байжээ. Бид хоёрыг Солонгос явсны дараа найзууд нь дассан юм болохоор
санагалзан гадаа нь хэсэг суусан сурагтай байсан.(инээв) Тийм л ижил дасал
болсон дурсамжтай газар.
Төгсийн
өөрийнх нь талаар асууя л даа. Ойр дотныхон нь чиний ямар зан чанарыг үнэлдэг
вэ?
Хүнийг ойлгож ярилцдаг, сайн сонсогч
гэж үнэлдэг. Нэг тийм хамт байхад ханьтай, хөгжилтэй, юманд санаачлагатай,
эелдэг тэр занд минь дуртай гэдэг.
Харин
найз нөхдийн чинь хэлдгээс гадна өөрийнхөө ямар занг үнэлдэг вэ?
Юу ч тохиолдсон юманд тайван дөлгөөн
байдаг. Энэ зан маань ч өөрт их амар байдаг. “Төгсөө чи яаж тэвчиж байнаа
гэхээр, тэвчих юу байхав уур хүрэхгүй байна өө” гэж хариулдаг хэхэ.
Загварынхныг
нэхэл хатуутай араас нь гоочилж шилсэн яриа байнга дагаж байдаг. Энэ тал дээр
ямар байр суурьтай байдаг вэ?
Загвар
өмсөгчийг “баян хүнтэй суух хэрэгсэл” болгох сонирхол, андуу ташаа бодол охидод
байсан болоод толгой хоосон зэрэг яриа гарсан байх гэж боддог. Манай Монголд
загварын ертөнц нэг үеэ бодвол хурдацтайгаар хөгжиж байна. Харин ч дээр үеийн
дээрэнгүй үзлийг няцаахаар боловсролтой, соёлтой сайн моделиуд гарч ирж байгаад
нь баярладаг. Өөрөө ч үлгэр жишээ байхыг хичээж, загвар өмсөгч гэдгийг сонирхол
бус мэргэжил талаас нь харуулахыг эрмэлздэг.
Ази моделиудын хувьд дэлхийн тайзнаа гарахад
барууны моделудыг бодвол илүү их тэвчээр, хөдөлмөр шаарддаг шалтгааныг юу гэж
боддог вэ?
Би өөрөө мэйк-ап артист хүний хувьд хэлэхэд будаг авахдаа барууны моделыг авахад бага зэрэг хүндрэлтэй
тохиолдол гардаг. Европчуудын хувьд нүүрний өнцөг булан ихтэй, шанааны яс
өндөртэй байдаг. Харин Азиудын хувьд тийм
нүүртэй хүмүүс цөөхөн байдаг. Мөн өндөр байхаас гадна тайз дүүргэхээр том яс
хэрэгтэй. Өндөр байлаа гээд туранхай унжуу мөртэй бус яс сайтай, зэгзгэр, өргөн
мөртэй байх шалгуур байдаг. Миний бодлоор Хятад, Солонгос, Япончуудаас илүү
Монголынхоо охидыг энэ шалгуурт илүү нийцдэг гэж боддог. Монгол охидын хувьд
дэлхийн хэмжээнд эн зэрэгцье гэвэл хэл
бас их чухал. Англи хэлнээс гадна загварын өлгий болсон улсуудын хэлийг давхар
эзэмших нь давуу тал болж өгдөг.
Германд
мэйк-ап артистаар төгсөөд, одоо Солонгост дизайнераар сурч байна. Өөрийн гэсэн
томоохон шоу зохион байгуулах хүсэл багтдаг байх. Энэ талаар?
Дизайнераар төгсч ирээд Монголын кашмерын салбарт ажиллаж үзэх
сонирхолтой байгаа. Яг залуучууд бидэнд өдөр тутамдаа өмсөхөөр загварлаг,
чөлөөтэй, үнэ өртөг боломжийн хувцас дутагдаж байгааг өөр дээрээ мэдэрсэн
болохоор энэ салбарт хүч үзэх бодол төрсөн л дөө. Итали дизайнеруудтай харилцаа
холбоо тогтоож чадсан болохоор тэдэнтэй хамтран
Монголдоо өөрөө модель, хөгжим, тайз засалт зэргээ сонгон жил бүр
зохиогддог нэрийн хуудас болохоор шоутой болохыг хүсдэг.
Блиц
анкет:
Төрсөн
он сар өдөр: 1991.04.17
Нүүрээ
будахдаа хэр их хугацаа зарцуулдаг вэ? Янз янз дөө. Болж өгвөл багсны миний нүүрэнд хүрэх тэр мэдрэмжийг
удаан мэдрэхийг хүсдэг.
Хэрэглэх
дуртай үнэртэн: Dior “Addict-2”-ыг таван жил хэрэглэж байгаад нөхрөөсөө бэлгэнд “Vercace Bright Crystal” аван дуртай болсон.
Одоо
хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн: Миний арьсанд Солонгосын
арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд таардаг гэдгийг мэдээд одоо “Tony moly” хэрэглэж байгаа.
Эрхэмлэдэг
зан чанар: Хүнлэг байх, хүн чанартай байхыг өөрөөсөө гадна бусад хүмүүсийг ч тийм
байгаасай гэж хүсдэг. Хүний хөдөлмөрийг хүндэл бас үнэл.
Дуртай
спорт: Багаасаа усан спортоор
хичээллэсэн. Боксоор хичээллэнэ гэж бодож байгаа.
Хамгийн
их хүндэлдэг хүн: Албан ёсоор ээжийгээ гэж хэлмээр байна. Учир нь бие
даврах болсноос хойш илүү их хүндэлж, бүр ч их хайр төрдөг болсон.
No comments:
Post a Comment