Залуус та бүхэнд “Хайрын эрэлд”, “Амьдралд
тавтай морил”, “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг олон сайхан
уран бүтээлээрээ танигдаад буй “Мөрөөдлийн театр”-ын залуу, чадварлаг жүжигчин
О.Дөлгөөнтэй ярилцсан сонирхолтой яриаг хүргэж байна. Залуу хүний хийж бүтээе
гэсэн эрмэлзэл дүүрэн хүсэл түүнээс ундарч байсан юм. “Амьдрал өөрөө бэлэг” шоу
драм эхлэхийн өмнө уулзаж амжснаа уншигч таны өмнө дэлгэе.
О.Дөлгөөн: Анхны гараагаа аймшгийн киногоор эхэлж байлаа
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд
хүргэе. Хоёулаа анх бүтээж байсан дүрийн тань талаар яриагаа эхлэвэл ямар вэ?
Бололгүй яахав, Хонгорзул
сэтгүүлийг шимтэн уншиж байгаа уншигчдадаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Миний бүтээж байсан анхны дүр аймшгийн кино байсан гэвэл итгэмээргүй сонсогдож
магад. Тэр үед юугаа ч мэдэхгүй долдугаар ангийн охин “Хана” гээд аймшгийн
кинонд туслах дүр бүтээж байсан юм. Аймшгийнх болохоор мэдээж зүрх амаар гарам
аймаар байсан (инээв). Гэхдээ би өөрөө аймшгийн юманд дуртай болохоор одоо
бодохнээ хөгжилтэй байжээ.
Жүжигчин болоход тань юу тэгтлээ нөлөөлсөн юм
бэ?
Хүн болгон багадаа ийм хүн болно доо гээд
мөрөөддөг дөө. Тэр тусмаа эмэгтэй хүүхдүүд жаахан байхдаа загвар өмсөгч,
нэвтрүүлэгч, за тэгээд зурагтаар гардаг хүн болно гэж боддогийн адил тийм охин
байсан. Гоё сайхныг нь өнгөн талаас нь
хараад л ийм хүн болно гэж боддог бол цаана нь нуугдаж буй бэрхшээлийг нь олж
хараагүй, яг л тийм цагаахан мөрөөдөл байсан юм. Анхны кино маань хэдий
аймшгийн кино байсан ч жүжигчин болоход минь бас ихээхэн нөлөөлөл юм. Тэр үед
хамт тоглож байсан Кино урлагийн дээд сургуулийн оюутнуудын хоорондоо хөгжилтэй, хөөрүү, дэврүүн харилцаж байгаа нь
цаанаа л нэг сайхан мэдрэмж төрүүлж билээ. Тэгээд л “ямар гоё юм бэ, энэ хүмүүс
шиг урлагийн хүмүүс болбол....”гэсэн бодол минь хөтлөсөн дөө.
Анхны гараагаа аймшгийн киногоор эхэлж байсан Дөлгөөнөө багадаа дуу
хөгжмөөр “бужигнуулдаг” охин байв уу?
Урлагийн үзлэгтээ орно, уран жиргээд ч шүлэг уншчихдаг сэргэлэн охин
байсан. Гэхдээ нээх гавьдаггүй байсан юм өө. (инээв)
Жүжигчин хүн кино үзэхдээ юуг нь голчилж
хардаг юм бол? Мэргэжлийн нүдээр үү эсвэл үйл явдлыг голчилж хардаг юм болов
уу?
Үнэхээр сонирхолтой асуулт байна.
Жүжигчин мэргэжлийг эзэмшээгүй байхдаа энгийн үзэгчийн нүдээр биширч үздэг
байсан киногоо одоо огт өөр нүдээр хардаг шүү. Жишээ нь энэ үзэгдэл, энэ
киногоо дуусгачихаад дараа нь яадаг бол гэдэг юм уу дэггүй бодол их орж ирнэ
ээ. Кино гэснээс монголын кино урлаг муу л гэдэг. Манай нийгэм бусад улс орныг
даган глобалчлагдаж, мундаг, өөлөхийн аргагүй шилдэг киног хүлээн авч үзэж
байна. Түүнийгээ дагаад үзэгчдийн сэтгэхүй ч хөгжиж байгаа. Үнэндээ 100 жил хол
тасархай Америкийн киног түрүүлж үзчихээд өөрсдийн урлагаа гоочлоход бага зэрэг
эмзэглэдэг. Бид хөгжиж л явна шүү дээ.
Мөрөөдлийн театрт ажиллах болсон түүхээс
хуваалцвал?
МҮОНРТ-ийн “Амьдралд тавтай
морил” олон ангит кинонд тоглож байхад Эрхэмээ ах ийм театр байгуулах гэж
байгаа гэж хэлж байсан юм. Тэр үед би төгсөх болчихсон, дотроо “Ямар гоё юм бэ,
намайг авахгүй юм байх даа” гэж битүүхэн горьдож байсныг яана. Бидний кино ч
дууссан, “Мөрөөдлийн театр” ч байгуулагдсан. Тэгээд нэг дүр дээр уншлага хийж
үзээч гэсэн саналын дагуу шалгаруулалтанд тэнцэн анхны “Миний нууц хүү” жүжигт
тоглож байсан. Жүжгийн дараа бидэнтэй хамтран ажиллаач гэсэн санал тавихад нь
уухайн тас зөвшөөрч байсан даа.
Тус театрт эхэн үед ганцаараа эмэгтэй
жүжигчин байсан, хөгжилтэй зүйлүүд их тохиолддог байсан байх?
Ганцаараа эмэгтэй байх үед хэцүү байсан ч
төрснөөс өөрцгүй ах нартаа эрхэлсээр байгаад таардаг байсан. Мэргэжлийн тал
дээр ч тэр, амьдралын өнцгөөс ч тэр төрсөн ах нараас минь өөрцгүй хүмүүс. Одоо
нэг шинэ эмэгтэй жүжигчин орж ирсэнд битүүхэндээ бас баяртай л байна.
Хүндэлдэг,
тоглосон дүрийг нь судалдаг жүжигчин бий юу?
Байлгүй яахав, “Х түц” хамтлагийн жүжигчин
И.Одончимэг эгчийг хүндэлж, биширч хар багын л тоглосон дүр болгоныг нь үздэг
байсан. Харин одоо өөрөө жүжигчин болоод үлгэр дууриаллыг тэр хүнээс олж авч
байгаа. Эмэгтэй хүн хүнийг
инээлгэнэ гэдэг үнэхээр хэцүү. Манай театр ч гэсэн инээдмийн төрөл жанртай. Ах
нар маань гараад нэг өгүүлбэр хэлэхэд зрител нир хийтэл инээнэ. Би бас нэг
ингээд инээлгэчих юмсан гэж хичээнэ. Ийм байхад И.Одончимэг эгчийг гарч ирэхэд
л үзэгчид инээдэг гэж бодохоор сайн жүжигчин, чадварлаг эмэгтэй гэдэгтэй хэн ч
маргахгүй байх.
Хэрэв боломж олдвол холливудын эрэгтэй
жүжигчдээс хэнтэй нь кинонд тоглох вэ?
Леонарда Ди Капро. Тоглосон кино
болгон нь сайхан сэтгэгдлийг үлдээж чаддаг даа.
Уран бүтээлч болоод энгийн Дөлгөөнөө хэрхэн
өөрчлөгдсөн бэ?
Уран бүтээлч болоод хувь хүний
хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй гэж бодож байна. Харин цаг хугацаа өөрчлөлтийг
авчирдаг жамтай хойно сургуулиа төгсөөд санхүүгийн хувьд хараат болж, ажил хийж
амьдралаа даагаад ирэхээр нилээн хэрсүү болж байх шиг байна шүү.
Амьдрал
дээр өөрийн тань бүтээдэг “дүр”?
Өөрийгөө бол дөвийлгөж ийм тийм гэж хэлж чадахгүй нь ээ(инээв) Хүмүүсийн ярианаас сонсохнээ нөхөрсөг, найзархаг гэж хэлж байсан. Хүн
бүхэнтэй сайхан харьцахыг юун түрүүнд
урьтал болгодог. Энэ маань мэргэжилтэй минь ч холбоотой байх. Гэхдээ хүн доллар
биш, хүн болгонд таалагдах албагүй ш дээ. Аль болох эвтэй найртай байхыг
эрмэлздэг.
Арван жилийн дараахаар өөрийгөө төсөөлж байв
уу?
Арван жилийн дараа айл гэрийн
аягүй сайн эзэгтэй болсон байна байх аа. Миний хажууд мэргэжлийг минь хэнээс ч
илүү ойлгож хайрлах хань минь байж байна. Театрын минь хувьд салбартаа өсч
дэвжсэн, өөрийн гэсэн “Мөрөөдлийн театр” гэсэн театртай болсон байх болов уу.
Амьдрал минь төвхнөж тогтсон байна гэдэгт итгэлтэй байна.
Дөлгөөнд нүд унагах залуус цөөнгүй байх.
Танилцах санал их ирнэ биз?
Фэйсбүүкээр урам хайрлаж,
дэмжсэн үгийг маш их бичдэг. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй бичиж урмаар
тэтгэдэг үгэнд нь завтай бол үргэлж “маш их баярлалаа” гэдгээ хэлэх дуртай.
Танилцаад найзууд болох санал их ирдэг. Танилтай хүн талын чинээ, хүн гэдэг
хүнээр хэзээ ч дутдаггүйн хойно найзын хүсэлтийг нь бүртгэн авдаг. Түүнээс биш
“нөгөө утгаар нь” хүлээж авч болохгүй шүү.
Найз залуутай юу?
Найз залуутай.
Эрэгтэй хүний ямар зан чанарыг үнэлдэг вэ?
Хамгийн түрүүнд ухаалаг занг нь хардаг. Жаахан байхад хөөрхөн залуучууд л
гоё санагддаг байсан бол одоо амьдралыг арай өөр өнцгөөс харах болсон үед
ухаалаг яриа, алсын хараатай бодол, буурь суурьтай занг хардаг болчихжээ.
Тэгэхээр найз залуу нь энэ бүх шинж чанарыг
өөртөө шингээсэн гэж ойлгож болох нь ээ?
Тийм шүү. Их ухаалаг залуу бий. Энэ зан чанар нь л намайг татаж чадсан.
Найз залуугаа танилцуулахгүй юм уу?
Одоохондоо нууцламаар байна. Уучлаарай.(инээв)
Залуу хүний хувьд гэр бүл төлөвлөлтийн талаар
ямар бодолтой явдаг вэ?
Миний бодлоор дор хаяж таван жилийг гэр бүл гэж сатаарахгүйгээр сурч мэдсэн
мэргэжлийнхээ үр шимийг нь үзэхэд зарцуулна гэж бодож байгаа. Урлагийн эмэгтэй
хүн гэдэг хэцүү ш дээ. Айл гэрийн
эзэгтэй болчихоод ажлаас болоод гэртээ үзэгдэх нь ховор, хүүхэд гаргавал уран
бүтээл хэцүүднэ. Тийм болохоор аль болох зохицуулж амьдрахыг хичээж байна.
Өөрийн тань хувьд сонсч байсан хамгийн сайхан
магтаалын үг?
Намайг дэмжиж, хайрладаг бүх хүний урмын үгээр тэтгэгдэн босдог. “Миний нууц хүү” жүжиг миний хамгийн анхны
тайзны уран бүтээл байсан л даа. Оюутны театраасаа мэргэжлийн тэр дундаа олон
үзэгчтэйгээ тайз руу шилжинэ гэдэг яахын аргагүй хэцүү, надаас илүү бүхнийг
шаардсан тайз юм. Алдаа оноотой, болохгүй бүтэхгүй юм бүхэнд шүүн дэнслэн,
зөвлөж хэлдэг байсан хүн бол МУГЖ Г.Оюундарь эгч юм. Харин одоо тоглогдож буй
“Амьдрал өөрөө бэлэг” шоу драм дээр бэлтгэлээ хийж байх үед “Миний дүү өмнөх
жүжгээ бодвол өсч дэвжиж, сайжирч задарсан байна” гэж тэр мундаг жүжигчин
хэлэхэд энгийн үг хэрнээ худалч хүнд гурван хоног намайг бодон бодон баярлаж
явахад хүргэсэн сайхан үг байсан. Миний хувьд байрнаасаа хөдөлж чадсан гэдэг
маань олзуурхах зүйлийн нэг яах аргагүй мөн байсан.
Бидний
ярилцлага өндөрлөх дөхөж байна. Залуучууддаа хандаад юу гэж хэлэх вэ?
Би өөрөө ч гэсэн залуу хүн. Тийм
болохоор залуучууддаа хандан хэлэхэд хүн бүрт алдах онох үе байлгүй л яахав.
Алдаан дээрээсээ суралцаж дахин битгий алдаарай гэж хэлмээр байна. Мөн
мөрөөдөлтэй, түүгээрээ жигүүр ургуулан амьдраарай. Мөрөөдөл бидэнд нисэх
далавч, дүүлэх хүслийг өгдөг. Зорилгодоо хүрэхийн төлөө болохоос бүтэхгүй
хүртэл нь явж үзээрэй. Ингэж чадснаараа бид хожим нь харамсахгүй амьдарч чадна
шүү гэж хэлмээр байна.
Сонирхолтой
яриа өрнүүлсэн явдалд баярлалаа. Уран бүтээлийн амжилтын дээдийг хүсье. Олон
сайхан дүрүүдээрээ үзэгч түмнээ баярлуулсан мундаг жүжигчин болоорой.
Баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье.
Ярилцсан И.Сувд
2012 он 9 сар
Блиц
анкет:
Овог нэр: Одхүүгийн Дөлгөөн
Төрсөн он сар өдөр: 1991.06.05
Дуртай өнгө: Цагаан, ягаан, улбар шар
Дуртай амттан: Амттай бүх юманд дуртай
Дуртай улирал: Зун (төрсөн өдөр зун болдог болохоор)
Эрхэмлэдэг зан: Хүнлэг байхыг хэзээд илүүд үзнэ
Хэлэх дуртай үг: Болно оо болно, болохгүй юм гэж байхгүй
No comments:
Post a Comment